Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Mining Mentor 2023” хөтөлбөрийн нээлт боллоо


 

“Эрдэс баялгийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага ба инженерүүдэд зориулсан менторшип-2023” хөтөлбөрийн нээлт өчигдөр “Экспресс Тауэр”-ийн сургалтын танхимд боллоо. Тус хөтөлбөр нь танхим, цахим хосолсон хэлбэрээр зургаан сар үргэлжлэх юм. “Эрдэс баялгийн бодлогын судалгааны институт” ТББ (Mineral Policy Research Institute) байгууллагаас санаачлан “Обзерв Консалтинг” ЗҮБ хэрэгжүүлэгчээр ажиллан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо хамтран зохион байгуулж байна. “Эрдэс баялгийн бодлогын судалгааны институт” ТББ-ын зөвлөх, судлаач Ц. Мөнгөншагай “2018 оны менторын хөтөлбөрт оролцоод эрдэс баялгийн салбар ямар бодлого, стратегитэй хөгжих юм бэ гэсэн анхны асуултыг өөртөө тавьж байлаа. Судалгаа хийгээд үзэхэд салбарын өрсөлдөөний нөхцөл, зах зээлийн орчинд тодорхойгүй зүйл олон байсан. Бид салбараа судалдаггүй, бизнесээ нарийн ойлгоогүй юм байна гэсэн дүгнэлтийг эндээс хийж, бие биедээ мэдлэг дамжуулах үйл явц зайлшгүй шаардлага байгааг олж харсан юм. “Эрдэнэт үйлдвэр”-т зохион байгуулсан менторшипийн сургалтад хамрагдсан хүмүүстэй уулзахад гарсан өөрчлөлтдөө сэтгэгдэл өндөр байгаа нь харагдаж байлаа. Тиймээс манай салбарт менторын хөтөлбөр чухал болжээ” хэмээн хөтөлбөрийг  нээж хэлсэн үгэндээ тодотгосон юм.

Хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн талаас дэмжин оролцож байгаа эрдэс баялгийн сэтгүүлч Г.Идэрхангай “Сэтгүүл зүйн салбарт анх удаа төвийн болон орон нутгийн сэтгүүлчдийн дунд менторшип хөтөлбөрийг The Mongolian Мining Journal сэтгүүлийн зүгээс олон улсын төслийн байгууллагатай хамтран зохион байгуулж байсан. Ёс зүй, харилцан ойлголцол, хүндэтгэл дээр суурилсан ментор, ментий нарын хамтын ажиллагаа илүү үр дүнтэй байж, үнэ цэнээ бүтээж чадсан” хэмээн онцлов.

Хөтөлбөрт хувь хүний оношилгоо, коучинг, хөгжүүлэх сургалтууд, багийн менторлолт, номын хэлэлцүүлэг, тайлан, нэтворкинг ба чөлөөт арга хэмжээ гэсэн хэлбэрээр явагдана. Мөн тус хөтөлбөрийн үйл ажиллагаа нь ментор бэлтгэх, шинжилгээний буюу эхлэл үе шат, сургалт ба менторын үе шат, дүгнэлт хийх үе шат зэрэг байх бөгөөд Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадвар, эдийн засгийн нөлөө, байгууллагын системийн инженерчлэл, ба эмх цэгц, цагийн менежмент, компанийн засаглал, бүтэц, стратеги, хүний эрх, жендэр, шийдвэр гаргалт, алсын хараа ба ойрын зорилтуудаа тодорхойлох гэсэн  сонирхолтой сэдвүүдээр өрнөх юм.

Хүндээ анхаарч, мэдлэгт суурилсан, мэдлэгийг эрчилсэн менежментийг хэрэгжүүлснээр хөтөлбөр илүү үнэ цэнтэй байж, Менторинг хөтөлбөр буюу менторын харилцаа ямар чухал вэ гэдгийг олон улсын туршлага харуулдаг. Эрдэс баялгийн салбарын онцлогт тохируулан салбарын онцлогийг тусгаж шинэлэг байдлаар загварчлан хэрэгжүүлэх нь тус хөтөлбөрийн давуу тал гэж хэлж болно.

“Обзерв Консалтинг” ЗҮБ нь бизнес, менежмент, стандарт хэрэгжүүлэлтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ явуулдаг ба бизнес эрхлэгч захирал, удирдах ажилтанд зориулсан менторшип хөтөлбөрийг 2018 оноос амжилттай зохион байгуулж иржээ. Тус хөтөлбөрийн Хэвлэл мэдээллийн дэмжигч байгууллагаар салбарын мэргэжлийн сэтгүүл The Mongolian Mining Journal  ажиллаж байна.

Г.Идэр