А.Халиун
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүгээс Монголын төмөр замын сүлжээний тэлэлтийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
Манай улсын үндэсний төмөр замын сүлжээ өргөжин тэлж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замыг танай компани гүйцэтгэсэн. 2023 онд танай компани ямар бүтээн байгуулалтад оролцох вэ?
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж байгаа. Энэ хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байна. Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон.
Үүний дагуу энэ жил Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Эхний ээлжинд Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр зам барихаар төлөвлөж байгаа. Шивээхүрэн-Сэхэ боомтын хувьд ч мөн ялгаагүй. Эхэлж хил холболтын төмөр замаа барина.
Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам Хятадын талтай тохиролцон, Монголын төмөр зам ТӨХК долоодугаар сард эхний тээврийг явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Боомтын сэргэлтийн том үр дүн дээрх асуудал дээр гарах ёстой. Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг өнгөрсөн оны гуравдугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийг хүртэл хэдий хэмжээний тээвэрлэлт хийсэн бэ?
2022 оны гуравдугаар сард зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлж, 729.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн. 99.2 мянган тонн сайжруулсан шахмал түлшний эд-мидлинг тээвэр, 133.6 мянган тонн экспортын нүүрс, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 435.9 мянган.тонн, 60.8 мянган тонн орон нутгийн тээвэр, хоосон чингэлгийг зөөсөн.
Түүнчлэн зүгшрүүлэх тээвэрлэлтийг гүйцэтгэхийн зэрэгцээ төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны байгууламжийн барилга угсралтын ажлыг иж бүрэн дуусгаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломжтой бүрдсэн. Техникийн комисс 2022 оны арванхоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ажилласан.
2023 он гарснаас хойш тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна уу?
2023 онд ч мөн адил зүгшрүүлэх тээвэрлэлт үргэлжилж байна. Нийслэлийг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой түлш ХХК-ийн 36.4мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлингийн тээвэрлэлтийг хийсэн байгаа. Цаашид ч экспортын ачаа зөөнө.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 2023 онд 5 сая тонн нүүрс экспортолно гэсэн урьдчилсан тооцоо гаргаж, Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын төмөр зам ТӨХК шат шатандаа хичээнгүйлэн ажиллаж байна гэв.