Ч.Сансар
Дэлхийн эрчим хүчний хямрал цөмийн эрчим хүчний салбарт урьд өмнө байгаагүй хүнд ачаалал үүсгэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн гамшиг улам бүр ойртож, Орос-Украины дайны улмаас эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага улам нэмэгдэх болсноор утаагүй эрчим хүч үйлдвэрлэх зорилт дахин сэргэж байна. Энэ нь олон улс орны төр, хувийн хэвшлийнхэн эрчим хүчний найдвартай, утаа ялгаруулдаггүй технологи бүхий цөмийн энергийн талаарх хандлагаа өөрчлөхөөс өөр аргагүй болж байна гэсэн үг.
Дэлхий дахинд цөмийн эрчим хүчийг ашиглах сонирхол нэмэгдэж байгаа нь уг салбарт эерэг нөлөө үзүүлж байгаа ч энэ салбар томоохон асуудалтай тулгарч байна. Хэдэн арван жил цөмийн салбарыг орхиж, зохих анхаарал хандуулсангүй. Харин цөмийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсөж эхэлсэн нь хуучин цөмийн станцуудын ачааллыг нэмэгдүүлэхэд хүргэсэн.
Сүүлийн хэдэн арван жилд Хятад, Орос, өмнө зүгийн улс орнууд цөмийн эрчим хүчний салбараа үргэлжлүүлэн хөгжүүлж байхад барууны орнууд цөмийн шинэ реакторуудыг ашиглалтад оруулахаа үндсэндээ зогсоосон.
Цөмийн станцуудын үйлдвэрлэл буурч, цөмийн эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор цөмийн реакторууд төлөвлөснөөс илүү удаан ажиллаж байна. Ер нь цөмийн реакторуудыг 40 орчим жилийн дараа ашиглахаа больдог. Харин одоо дэлхий даяар цөмийн реакторуудын ашиглалтын хугацааг 80 жил болгон сунгаж, цаашид 100 жил ажиллуулах нь аюулгүй байдлын талаас хэр тохиромжтой вэ гэсэн асуултыг дагуулж байна.
Улс орнууд цөмийн станцуудаа зогсоохоо хойшлуулж байна. Мөн цөмийн эрчим хүчний суурийг шинээр тавьж байгаа нь барууны ихэнх удирдагчдын хандлагад томоохон өөрчлөлт гарсны тод илрэл юм.
"Арван жилийн дараа одоогийн цөмийн реакторуудын гуравны хоёр нь ашиглах хугацаа нь дууссан ч үргэлжлэн ажиллаж байх болно. Энэ нь дэлхийн хувьд өндөр эрсдэлтэй туршилт болж байгаа юм" гэж Bloomberg өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
Цөмийн осол маш ховор тохиолддог. Хэдийгээр Чернобыль, Гурван миль арал, Фукушимагийн ослууд олон нийтийн дунд хүчтэй нөлөөлж байгаа ч цөмийн эрчим хүч нь бүхэлдээ эрчим хүчний аюулгүй эх үүсвэр юм. Үнэн хэрэгтээ, цөмийн энергийн үйлдвэрлэлийн улмаас амь насаа алдсан хүний тоо нь чулуужсан түлш шатааснаас үүссэн агаарын бохирдлын нөлөөгөөр нас барсан хүний тоотой харьцуулахад хамаагүй бага байна.
Геополитикийн албаны мэдээлснээр, "Хүрэн нүүрсийг шатааж үйлдвэрлэсэн тераватт-цаг цахилгаан тутамд осол, агаарын бохирдлын улмаас 32.72 хүн нас бардаг. Харин цөмийн эрчим хүчний хувьд энэ тоо ердөө 0.07 байдаг юм." гэжээ.
Хэдийгээр эдгээр осол ховор тохиолддог ч гамшиг тохиолдох магадлал асар өндөр юм. Гэвч эрчим хүч, цаг уурын асуудлууд улам гүнзгийрч буй өнөөгийн нөхцөлд цөмийн эрчим хүчний давуу тал нь эрсдэлээс илүү гэж боддог хүний тоо нэмэгдэж байна.
Өнөө үед утаагүй эрчим хүчээс татгалзах хүн байхгүй болов уу. Улс орнууд цөмийн станцуудаа зогсоохоо хойшлуулж байна. Мөн цөмийн эрчим хүчний суурийг шинээр тавьж байгаа нь барууны ихэнх удирдагчдын хандлагад томоохон өөрчлөлт гарсны тод илрэл юм.
Цөмийн энергийн технологи өөрчлөгдөж, илүү аюулгүй болж, суурилуулах, ашиглах өртөг нь буурч байгаа нь бодит үнэн. Бид цөмийн бага оврын реакторуудыг ашиглах шинэ эриний ирмэг дээр ирээд байна. Эдгээр жижиг реакторууд нь илүү аюулгүй, илүү үр ашигтай гэж тооцогддог. Мөн үйлдвэрт олноор, илүү өргөн хүрээнд, өндөр стандартын дагуу үйлдвэрлэх боломжтой.