А.Халиун
2022 онд Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн их буюу 32 сая тонн нүүрс экспортолж, 12 тэрбум ам.долларын орлого олжээ. “Манай улс ковидын үеийн дэглэмийг нарийн сахиж ирсний үр дүнд Хятадын талтай хийх хилийн горимыг хүндрүүлээгүй. Үүний үр дүнд экспортын орлого бидний тооцоолсноос маш сайн нэмэгдсэн” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан онцлов.
2023 оны хоёрдугаар сарын 15-наас эхлэн манай улс нүүрсээ уурхайн амны үнээр биш, олборлолт, тээвэрлэлтийн өртөг шингэсэн үнээр урд хөршийн хилд хүргэж, биржийн үнээр худалдан борлуулах шийдвэр гаргасан билээ.
Нүүрсний биржийн туршилтын арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нэгдүгээр сарын 11-ний өдөр амжилттай хийсэн. 2022 оны арванхоёрдугаар сард 1 тонн нүүрсний үнэ 160 ам.доллар байсныг биржийн арилжаагаар 27 ам.доллараар өсгөсөн нь биржийн арилжааны өгөөж. Ингэснээр Улсын төсөв болон нүүрс олборлогч, тээвэрлэгч ААН-үүдийн орлого нэмэгдэх эдийн засгийн эерэг үр дүнтэй.
Компаниуд тээвэр зохион байгуулалтын тендер зарлаж, ААН-үүд маш хурдан зохион байгуулалтад орж байна гэсэн мэдээлэл авсан.
Бид нүүрсээ 100 хувь хил үнээр өгөх боломжгүй. Эхний ээлжинд манай улс нүүрсний экспортынхоо 25-30 хувьд нь хилийн үнээр худалдана. Учир нь өмнө нь гэрээ байгуулсан ААН-үүд гэрээнд заасан үнийг мөрдөж таарна хэмээн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хэлсэн билээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХХК болон орон нутгийн “Тавантолгой” компаниуд нүүрсний тээвэрлэлтийг өөрсдөө хийдэггүй байсан учир биржийн худалдааг нэвтрүүлэхтэй холбоотойгоор тендер зарлаж, тээвэрлэлтийн асуудлаа шийднэ. Компаниуд тээвэр зохион байгуулалтын тендер зарлаж, ААН-үүд маш хурдан зохион байгуулалтад орж байна гэсэн мэдээлэл авсан. Хоёрдугаар сарын 15-наас биржээр эхний арилжааг хийж, үүний дагуу нүүрсээ хил дээр хүргэж өгнө” гэж Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн юм.