Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Сэргэлтийн бодлогоо ахиулсан Ерөнхий сайдын алхмууд 


 

The Mongolian Mining Journal /Jan.2023/

Г.Идэрхангай
                      
Нүүрсний хулгайчид”-аа илрүүлэх олон нийт, эрх баригчдын он дамжсан кампанит ажиллагаа, жагсаал цуглаан замхран  эрх баригч намын Засгийн газар шинэ сайд нараа томилсон, сөрөг хүчин нь шинэ даргаа  тодруулсан, УИХ   иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөнд халдсан хуулиа яаралтай горимоор батлаад намрын чуулганаа хаасан өдрүүд үргэлжилж байна.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр   танхимын сайд нараа  “хүссэнээрээ” өөрчлөх эрх мэдэлтэй болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ давхар дээлтэй дөрвөн сайд, таван дэд сайдаа /01.05/ томилов. Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомтын сэргэлтийн сайд Х.Булгантуяа, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар нэр дэвшүүлээд “гэрлийн хурдаар” томилов. 

Эдгээр дөрвөн сайдаас арай шинэлэг арга барилаар, залуу хүний эрч хүчээр ажиллах нь МАН-ын бүлгийн дарга, Боомтын сэргэлт хариуцсан шинэ  сайд Х.Булгантуяа болов уу. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг 45-50 саяд хүргэх зорилтыг хэрэгжүүлж чадах хүн гэж Ерөнхий сайд түүнийг үнэлжээ. “Хуулийг чангатгаж байж л нүүрсний хулгай, байгалийн баялгийн хулгайтай тэмцэнэ” гэж Х.Булгантуяа сайд амлав. Шинэ сайдад ямар том хариуцлага ирснийг сэтгүүлч Ц.Элбэгсайханы нийтлэлээс уншина уу. 

Салбарын яамдын сайдуудаас гадна засаг дэд сайдуудаа бас томилов. УУХҮЯ-ны дэд сайдаар өмнө нь тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Цэндсүрэн /МАХН-ы квотоор/ эргэн ирлээ. Сайдууд томилогдоод төдий л удалгүй  Засгийн газар ээлжит хуралдаанаа /2023.01.11/ хийж, зургаан яамны Төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга нарыг Цар тахлын хуулийн үйлчлэл зогссон шалтгаанаар чөлөөлөв. Дунд нь, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва, АМГТГ-ын дарга Л.Баярмандал нар багтжээ. Гурван сарын өмнө томилогдсон  Төрийн нарийн бичгийн дарга, жилийн өмнө томилогдсон /2022.01.12/ Л.Баярмандал нар  чөлөөлөгдөөд зогсохгүй салбарын яамны газрын дарга нарыг ч өөрчилсөн юм. 

Богино хугацаатай бүтэц, томилгооны өөрчлөлт хийгдэх бүрт салбарын удирдлага, түүнээс улбаатай бодлого, шийдвэрийн ойлгомжгүй, тодорхойгүй үйл явдлууд өрнөдөг нь уул уурхайн салбарт   “жам ёсны” болжээ.   Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл салбарын яаманд хаалттай хэлэлцэгдэж, УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж байгаа эгзэгтэй цаг мөч билээ.  2024 оны УИХ-ын сонгуульд дотроо түнжинтэй ч сөрөг хүчний байр сууриа хадгалан өрсөлдөх Ардчилсан намынхан БСШУ-ын сайд асан Лу.Гантөмөрийг Үндэсний Бодлогын Хорооны ээлжит бус хурлаараа  /01.19/ сонгосон бөгөөд түүнийг Их хурлаараа батламжилж, Дээд шүүх баталснаар хууль ёсны намын дарга болж албажина. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар  алдаа, оноотой ч зорьсон зүйлээ урагшлуулсаар байна. 2023 онд төрийн өмчийн 26 компани IPO хийх төлөвлөгөөтэй. Гэсэн хэдий ч эдгээр компанийн 34% дээр олон нийт санал зөрөлдсөөр байгаа бөгөөд 51:49%-ийн харьцаагаар хувьчилбал олон нийтийн хяналт тогтох боломжтойг судлаачид MMJ-д өгүүллээ.

Гэхдээ  тэр болтол Ардчилсан намынхан дотроо хөлөө жийлцсээр сонгууль угтах вий. Улстөрийн хүрээнд өрнөсөн энэхүү халуун үйл явдал дундуур УИХ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг яаралтай горимоор шуурхай баталсан нь олон нийт, хэвлэл мэдээллийн салбарынхны шүүмжлэлд өртөөд байна. Хэдийгээр энэ хууль хэвлэлийн эрх чөлөөнд халтай биш гэж эрх баригчид тайлбарлаж байгаа ч Хууль тогтоомжийн тухай хуулийг  зөрчин батлагдсан нь анхаарал татаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг ч мөн Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчин хаалттай хэлэлцэгдэж буй бөгөөд энэ жишгээр яаралтай горимоор батлагдах вий гэсэн болгоомжлол төрж буйг нуух юун.  

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар  алдаа, оноотой ч зорьсон зүйлээ урагшлуулсаар байна. 2023 онд төрийн өмчийн 26 компани IPO хийх төлөвлөгөөтэй. Гэсэн хэдий ч эдгээр компанийн 34% дээр олон нийт санал зөрөлдсөөр байгаа бөгөөд 51:49%-ийн харьцаагаар хувьчилбал олон нийтийн хяналт тогтох боломжтойг судлаачид MMJ-д өгүүллээ. Төрийн өмчит компаниудын засаглалтай холбоотой бас нэг тулгарсан асуудал бол захирлуудынх нь урамшуулал, авлигын эрсдэл. Уул уурхайн төрийн өмчит компанийн удирдлагуудын цалин урамшуулал хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй нь авлигын нэг шалтгаан болж байгаа тухай сэтгүүлч З.Цэлмэг дата мэдээлэлд суурилсан нийтлэлдээ дурджээ. 

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, түүнд нүүрлэсэн хулгайг арилгаж цэглэх үүднээс Тавантолгойн ордын нүүрсийг Монголын Хөрөнгийн биржээр анх удаа арилжаалсан нь шинэ оны онцлох үйл явдал боллоо. “Энержи Ресурс” компанийн эхлүүлсэн ажлыг “Эрдэнэс Тавантолгой” үргэлжлүүлээд явна. Ямартаа ч нээлттэй дуудлага худалдааны зарчмаар хил үнээр нүүрсээ борлуулах нь энэ Засгийн гол бодлого гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн сэтгүүлч Ж.Мөнхцэцэгт өгсөн ярилцлагадаа тодруулжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль батлагдлаа гээд бүх зүйл цэгцэрнэ  гэсэн үг биш, логистикийн маш олон ажил хүлээгдэж байгаа. УИХ  Төрийн болон орон нутгийн өмчит компанийн анхдагч хуулиа мөн л яаралтай горимоор хэлэлцэнэ гэж эртнээс мэдэгдэх болсон. Хөшигний ард үлдсэн том гэрээнүүдийг нийтэд  ил болгох, “Эрдэнэс Тавантолгой” компаниас зарлах тендерийн шударга байдал, экспортын төмөр замын нүүрс тээвэрлэлт гээд олон асуудал олон талаас цогцоор шийгдэж байж  баялгаа хулгайд алдахаас сэргийлэх боломжтой болно. 

The Mongolian Mining Journal сэтгүүл энэ удаагийн дугаараа төрийн өмчит компаниудийн засаглалын шинэчлэлд нэн холбогдолтой талуудын байр суурь, мэдээллүүдийг нэгтгэсэн   контентоо  хүргэж байна.