Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Европ Оросын дизель түлш болон бусад нефтийн бүтээгдэхүүнийг хориглов

Ч.Сансар


ФРАНКФУРТ, Герман (AП агентлаг) - Европ ням гарагт Оросын дизель түлш болон бусад боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнд хориг тавьж, Москвагаас эрчим хүчний хараат байдлаа бууруулж, Украинд түрэмгийлсэнд шийтгэл болгож Оросын чулуужсан түлшний орлогыг цаашид бууруулахыг эрмэлзэж байна.
 
Энэ хоригоос гадна G-7-ийн орнууд нефтийн бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг тогтоосон. Энэхүү хязгаар нь Оросын дизель түлшийг Хятад, Энэтхэг зэрэг орнуудад үргэлжлүүлэн борлуулах, үнийн гэнэтийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх, ОХУ-ын төсөв, дайны санхүүжилтийн эх үүсвэрийг багасгахыг зорьж байгаа.

Дизель түлш нь хөнгөн тэрэг, ачааны тэрэг, газар тариалангийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн машин механизмыг ажиллуулахад ашигладаг тул эдийн засагт чухал ач холбогдолтой. Ковид-19 цар тахал, нефтийн бүтээгдэхүүний боловсруулах хүчин чадлын хязгаарлалт дууссаны дараа дэлхийн зах зээлийн эрэлт нэмэгдсэний улмаас дизель түлшний үнэ өсөж, дэлхийд инфляц нэмэгдэхэд голлон нөлөөлсөн.

Европын холбоо Оросоос саяхныг хүртэл дизелийн нийт хэрэгцээний 10%-ийг ипортолж байсан. Одоо Оросын дизелийн хамаарлаас салахын тулд АНУ, Ойрхи Дорнод, Энэтхэгээс дизель түлш худалдаж авч байгаа нь үнэ ханшны тодорхойгүй байдлыг үүсгэж байна.

Ковид-19-ийн хатуу хязгаарлалт дууссаны дараа Хятадын эдийн засаг сэргэж байгаа тул үнэ өсөх магадлалтай.
Дизель түлш, онгоцны түлш, бензиний үнийн дээд хязгаарыг нэг баррель тутамд 100 ам.доллар байхаар тогтоосон бөгөөд энэ үнээс хэтэрсэн түлшийг даатгах, тээвэрлэхийг хориглосон. Даатгал, тээврийн ихэнх компаниуд барууны орнуудад байрладаг.

Шатахуун түгээх станц дээр дизель түлш 12 дугаар сарын эхнээс хойш нэг литр нь 1.80 евро үнэтэй байна гэж Европын холбооны гүйцэтгэх хорооноос гаргадаг газрын тосны зах зээлийн долоо хоногийн тайланд дурджээ. Европын холбооны хамгийн том эдийн засагтай  Германд дизелийн үнэ нэгдүгээр сарын 31-ний байдлаар 2.6 центээр буурч, нэг литрийн үнэ 1.83 евро болжээ.

Орос улс өнгөрсөн 12 дугаар сард Европд дизель түлш борлуулж, хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олжээ.
Европ Оросын нүүрс болон ихэнх түүхий нефть худалдан авахыг хориглосон бол Москва ихэнх байгалийн хийн экспортыг зогсоосон юм.