Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Индонез улс 2023 онд 500 сая гаруй тонн нүүрс экспортолж, дээд амжилт тогтооно

Ч.Сансар

“Индонези улс энэ онд 695 сая тонн нүүрс олборлож, 518 сая тонн нүүрс экспортлоно” гэж Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Арифин Тасриф даваа гарагт мэдэгдэв.  2022 онд Индонез улс 687 сая тонн нүүрс олборлож, 494 сая тонныг экспортолжээ. Өнгөрсөн жил экспортын хориг болон аадар бороо орсны улмаас уурхайчдын үйл ажиллагаа нь тасалдсан ч нүүрсний олборлолтын хэмжээ зорилтот 663 сая тонноос давж чаджээ.
 
Kpler зөвлөх компанийн тээвэрлэлтийн мэдээллээс үзэхэд Индонезиэс Энэтхэг, Өмнөд Солонгос, Тайвань, Филиппинд хийсэн экспортын хэмжээ өнгөрсөн онд өссөн бол хамгийн том зах зээл болох Хятад руу нийлүүлэх хэмжээ 2022 онд буурсан байна.

Үүний зэрэгцээ Индонезийн дотоодын нүүрсний хэрэглээ 2022 онд 193 сая тонн хүрсэн бол 2023 онд буурч, 177 сая тонн болох тооцоо гарчээ.

"Нүүрсний цахилгаан станцаас ялгарах нүүрстөрөгчийг бууруулахын тулд үр ашгийг дээшлүүлэх хэд хэдэн хөтөлбөр бид хэрэгжүүлэх ёстой" гэж сайд тайлбарлав.

Индонезийн эрчим хүчний хангамжийн 50 гаруй хувийг нүүрс шатааж үйлдвэрлэдэг эрчим хүч эзэлдэг бөгөөд өнгөрсөн жил засгийн газар 2030 он гэхэд утааг өөрийн нөөц бололцоон дээр тулгуурлаж 31.89%-иар бууруулах эсвэл олон улсын дэмжлэгтэйгээр 43.2%-иар бууруулах амбицтай зорилт тавьсан. Мөн тус улс 2060 он гэхэд утааны ялгаралтыг тэг болгохыг зорьж байгаа юм байна.

Украины дайны улмаас нийлүүлэлт тасалдаж 2022 онд нүүрсний үнэ дээд амжилт тогтоосон бөгөөд нүүрсний үнэ энэ онд ч өндөр байх төлөвтэй гэж Арифин үзэж байна. Тэрбээр "Дэлхийн эрчим хүчний тэнцвэрт байдалд (эрэлт ба нийлүүлэлт) асуудал үүссэн тул нүүрсний үнэ 2023 онд өндөр хэвээр байна" гэж хэллээ.

Индонезийн Засгийн газраас тогтоосон сарын нэг тонн нүүрсний жишиг үнэ 10 дугаар сард 330.97 ам.долларт хүрсэн байна. Энэ сард нэг тонн нь 305.21 ам.доллар болсон. Мөн тус улс 2022 онд дал модны тосоор хийдэг биодизель түлшийг 10.45 сая килолитр (кл) хэрэглэсэн бөгөөд энэ онд 13 сая килолитр хэрэглэхээр төлөвлөж байна.

Индонези нь дэлхийд дал модны тосны үйлдвэрлэлээр тэргүүлдэг бөгөөд 2 дугаар сард "B35" хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү хөтөлбөр нь дизель түлшний 35%-д дал модны тос агуулсан байхыг шаарддаг. Одоогийн байдлаар Индонезид дизель түлшний 30%-ийг дал модны тос эзэлдэг юм байна.