Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дорнод Сибирь Хятадын "түүхий эдийн бааз" болон хувирч байна

Ч.Сансар

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  Зүүн Сибирийн хамгийн том байгалийн хийн Ковыкта ордыг  ашиглалтад оруулах арга хэмжээнд 2022 оны 12 дугаар сарын 21-нд  видео хурлаар оролцов (Kremlin.ru, 2022 оны 12 сарын 21). 1.8 их наяд куб метр нөөцтэй гэж тооцогддог тус ордын байгалийн хий бараг бүхэлдээ зөвхөн Хятадын хэрэглэгчдэд зориулагдсан. Энэ ордоос байгалийн хий дамжуулах гэж “Сибирийн Хүч” хоолойг барьж, Хятад руу жил бүр 27 тэрбум куб метр хий дамжуулахаар төлөвлөж байна.

Сибирийн Газарзүйн хүрээлэнгийн ажилтан Татьяна Заборцевагийн хэлснээр, өнөөдөр Дорнод Сибирь Хятадын "түүхий эдийн бааз" болж хувирчээ. Ковыкта хийн орд байрладаг Эрхүү мужийн оршин суугчид халаалтанд голдуу нүүрс, түлээ түлдэг. Энд айл өрхүүдийн дөнгөж 1%  хийн хоолойд холбогдсон. Оросын эрх баригчид ойрын жилүүдэд энэ түвшинг 3.22% хүргэнэ гэж амлаж байна. (“Независимая газета”, 1 дүгээр сарын 16).

Украины дайн болон барууны орнуудын хориг арга хэмжээний үр дүнд газрын тос, байгалийн хийн экспортоос ихээхэн хамааралтай Оросын эдийн засаг шинэ хэрэглэгчдийг хайж, эцэст нь агуу том эдийн засагтай Хятадыг сонгосон. 2022 оны байдлаар ОХУ Саудын Арабыг гүйцэж, Хятадад хамгийн том газрын тос нийлүүлэгч улс болсон.

Гэхдээ Хятад улс Европын зах зээлийг алдсан Оросын алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй. Оросын түүхий эдийн орлого цаашид ч буурна. Оросын байгалийн хийн хэрэглээ Хятадад нэмэгдсэн ч Европын зах зээлд алдагдсан орлогын 20 орчим хувийг л нөхөх боломжтой гэж Москвагийн Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн захирал Алексей Громов үзэж байна.

Хятад хэзээ нэгэн цагт Оросын Сибирь, Алс Дорнодын газар нутгийг хүчээр булаан авна гэсэн болгоомжлол Оросын хэвлэл мэдээллээр байнга гардаг. Харин Бээжинд ийм зүйл хийх шаардлага байхгүй, учир нь Москва өөрөө шаардлагатай байгалийн баялгаа бараг үнэгүй өгдөг. Өнөөдөр Хятадын компаниуд Сибирь, Алс Дорнодод олон мянган га ой модтой талбайг урт хугацааны түрээсээр эзэмшиж байгаа бөгөөд энэ нутгаас бэлтгэсэн бүх модыг Хятад руу илгээдэг (Region.expert, 2019 оны 9 дүгээр сарын 17).

Ийнхүү Оросын Алс Дорнод нь Орос, Хятадын түүхий эдийн бааз болон хувирав. 2021 онд Хабаровск мужийн Аяно-Майский дүүрэгт Хятадын нэгэн компани дэлхийн хамгийн том метанолын үйлдвэр барихыг хүсчээ. Дүүргийн бүх нийтийн санал асуулгаар орон нутгийн иргэдийн 90% нь эсэргүүцэж, энэ төслийг зогсоож чадсан (Dw.com, 2021 оны 4 дүгээр сарын 2).

Гэвч үүний хариуд ОХУ-ын Төрийн Дум бүс нутгийн эрх баригчдын тухай хуулийг баталж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын бие даасан байдлыг халж, Москвагийн "эрх мэдлийн босоо шугам"-д нэгтгэсэн (Duma.gov.ru, 2021 оны 12-р сарын 14). Тиймээс орон нутагт ийм санал асуулга явуулах боломжгүй болсон бөгөөд Москва, Бээжин хэрэв хүсвэл орон нутгийн иргэдийн саналыг харгалзахгүйгээр эрсдлэлтэй төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой боллоо. Харин нөгөө талаас энэ нь хөдөө орон нутагт эсэргүүцлийг улам нэмэгдүүлж, салан тусгаарлах үзлийг хүртэл хурцатгах магадлалтай.