Ч.Сансар
Дэлхийд зэсийн хомсдол нүүрлэж байгаа энэ үед “Айвенхоу Майнз” компани Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад зэсийн ордуудыг хамтран ашиглах түнш хайж байна.
“Айвенхоу Майнз”-ын үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд Блүүмберг ТВ-д өгсөн ярилцлагадаа "Бид бүх төрлийн стратегийн хэлэлцээрт оролцож байна. Сонирхол татах хөрөнгө оруулагчдын ихэнх нь үндэсний хөрөнгө оруулагч байдаг гэдгийг та бүхэн мэднэ. Бид энэ бизнесийг хөгжүүлэхийг л хүсэж байна." гэжээ.
Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахад цахилгаан автомашин үйлдвэрлэх, цахилгаан дамжуулах шугам өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний утас кабель суурилуулахын тулд асар их хэмжээний зэс шаардлагатай.
Олон улсын зэсийн судалгааны группийн мэдээлснээр, сүүлийн жилүүдэд маш цөөхөн зэсийн уурхай нээгдсэн бөгөөд 2017-2021 онд ердөө хоёрхон уурхай ажиллаж эхэлсэн.
Конгод Камоа-Какула, Перуд Куеллавеко, Чилид Куебрада Бланка II болон Спенс - SGO зэрэг дөрвөн уурхай шинээр ашиглалтад орсон эсвэл олборлох хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа ч зах зээлийн гол тоглогчид 2030 он гэхэд дэлхий зэсийн асар их хомсдолтой тулгарна гэж таамаглаж байна.
Олон улсын зэсийн судалгааны группийн мэдээлснээр, сүүлийн жилүүдэд маш цөөхөн зэсийн уурхай нээгдсэн бөгөөд 2017-2021 онд ердөө хоёрхон уурхай ажиллаж эхэлсэн.
Хүн төрөлхтний түүхэнд 700 сая тонн зэс олборлосон, цаашид дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг 3%-д байлгахын тулд ойрын 22 жилд 700 сая тонн зэс шаардлагатай гэж Фрийдланд энэ долоо хоногт Өмнөд Африкийн “Индаба” бага хурал дээр хэллээ.
Фрийдланд 1990-ээд онд Канадад никель олборлох төсөл амжилттай хэрэгжүүлж, асар их ашигтай ажилласан. Тэр цагаас хойш Монголын Оюутолгойн зэсийн уурхай, Конгогийн Камоа-Какула төсөл зэрэг дэлхийн хамгийн том ашигт малтмалын ордуудыг нээхэд биечлэн оролцсон.
Конго улсын зэсийн уурхай 2022 онд 333,500 тонн металл үйлдвэрлэсэн нь жилийн өмнөхөөс хоёр дахин их байна. Одоо өргөтгөлийн ажил (3-р шат) явагдаж байгаа бөгөөд 2024 он гэхэд олборлолтын хэмжээгээ жилд 620,000 тоннд хүргэх төлөвлөгөөтэй байна.
Африкийг зэсийн диваажин хэмээн сурталчлахдаа Фрийдланд ганцаараа биш. Eurasian Resources Group-ийн (ERG) гүйцэтгэх захирал Бенедикт Соботка энэ долоо хоногийн эхээр тус компани Африк тив дээр зэс, кобальтын олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд 1.8 тэрбум долларын хөрөнгө оруулна гэж мэдэгджээ.
ERG-ийн төв Африк дахь уурхайнууд жилд 200,000 тонн зэс, 25,000 тонн кобальт үйлдвэрлэдэг. АНУ-ын Засгийн газар нэгдүгээр сард цахилгаан автомашины батерей нийлүүлэх сүлжээ хамтран хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан. Гэсэн хэдий ч “АНУ-ын Засгийн газар зэсийг нэн чухал металлын жагсаалтад оруулаагүй” гэж Фрийдланд тэмдэглэв.
Чили бол дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч бөгөөд 2021 онд дэлхийн үйлдвэрлэлийн 27%-ийг бүрдүүлсэн. Тус улсын зэсийн хүдрийн агуулга буурч, зардал өсөх хандлагатай байгаа бөгөөд 11 дүгээр сард олборлолтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 7%-иар буурсан байна.
"Чили эдийн засгийн шинэчлэлд зориулж үйлдвэрлэлээ хангалттай нэмэгдүүлж чадахгүй " гэж Фрийдланд хэлэв. "Энэ салбарыг тэр чигээр шинэчлэхгүй бол шинэ эрчим хүч хөгжих боломж байхгүй."