Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Дөлгөөн:  Нээлттэй дуудлага худалдааны зарчмаар хил үнээр нүүрсээ зарах нь засгийн гол бодлого

The Mongolian Mining Journal сэтгүүл /2023.01/

Засгийн газар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны түр журмыг батлан гаргасан. Энэ журам Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэл буюу энэ оны зургаадугаар  сарыг дуустал хэрэгжих юм. Нүүрсний цахим арилжааг энэ хугацаанд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан билээ. Туршилтын анхны цахим арилжаа энэ сарын 12-ны өдөр болж  худалдагч тал болох “Энержи ресурс” компани нийт 12,800 тонн нүүрсийг худалдах санал ирүүлсэн. Дуудлага арилжаагаар дуудах үнэ  1150 юаниас 1290 юань болж /тонн нь 187 доллар/ 12.2%-иар өсч  амжилттай өндөрлөсөн билээ.  Нүүрсийг биржээр зарах нээлттэй цахим арилжааг цаашид хэрхэн явуулах, журмын хувьд өөрчлөлт орсон эсэхийг  Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөнөөс сэтгүүлч Ж.Мөнхцэцэг тодрууллаа.

Биржийн цахим арилжаа амжилттай болж өндөрлөлөө. Цаашид нүүрсний нээлттэй арилжаа  хэрхэн үргэлжлэх вэ?
Экспортын орлогыг голлон бүрдүүлдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  нүүрсийг нээлттэй ил тод арилжаалах ямар боломж байгааг судалж үзээд цахим арилжаа буюу ил тод биржийн системээр дамжуулан явуулах нь илүү үр дүнтэй гэсэн шийдвэр гарч, “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны түр журам” батлагдсан. Үүнд хяналт тавьж зохицуулах үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хүлээлээ. Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбоотой хүсэлт гаргасан компаниудыг  Монголын Хөрөнгийн биржээр дамжуулж  бүтээгдэ­хүүнээ цахимаар нээлттэй арилжих боломж  бий болгохыг УИХ  Засгийн газарт даалгалаа. 
Энэ харилцаанд  хяналт тавих журмыг батлан хэрэгжүүлэхийг Санхүүгийн зохи­цуу­лах хороонд мөн  даалгасан. Эдгээр тогтоолын дагуу манай байгууллагаас хяналт шалгалтын журмаа боловсрууллаа. Засгийн газрын тогтоолын төсөлд заасны дагуу УУХҮЯ, ЭЗХЯ, Сангийн яам гэсэн  гурван яамны сайд,  Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаал гарах юм.  Удахгүй батлагдана. 

Хөрөнгийн бирж ямар журам, гэрээний загварыг боловсруулах вэ?
Хөрөнгийн бирж цахим арилжааны заавраа батлан, захиалгын маягтаа боловсруулна. Худалдагч болон худалдан авагч талтай хийх гэрээ,  хоёр талын экспор­тын гэрээний загварыг мөн  боловсруулсан.

Цахим арилжаа хийх явцад өөрчлөгдөх зүйл гарав уу?
Арилжаа явагдахын өмнөх долоо хоногт Санхүүгийн зохицуулах хороо оролцогч бүх талтай уулзаж,  зарчмын бүх саналаа нэгтгэн танилцуулаад  ойлголцолд хүрсэн. Цогцоор хийх ажлын эхлэл болж   туршилтын арилжааг амжилттай эхлүүллээ. Худалдагч тал арилжааны зараа таван өдрийн өмнө тавьж, худалдан авагч тал дэнчингийн мөнгөө худалдагч та­лын Монголын арилжааны банк­ны дансанд байршуулсан. Бодитоор арилжаа явагдсан гэсэн үг. 

Нүүрсээр хийх цахим арилжаа худалдан авагч талын сонирхлыг татаж байна  уу? Оролцогч талууд нэмэгдсэн үү?
Одоогоор   арав гаруй худалдан авагч тал Хөрөнгийн бир­жид бүртгүүлэн арилжаанд орол­цохоор  хүсэлтээ ирүүлсэн байна.  

Биржийн арилжаа үнэт цаасны арилжаа шиг тэр дороо бүтэх зүйл биш. Бодит хөрөнгө, нэг талаас нөгөө талд шилжих үйл явц учраас тодорхой хугацаа шаардана. Одоогоор ямар нэгэн саад тотгор гараагүй байна.

Санал ирүүлсэн худалдан авагчид Хятадын компаниуд дийлэнх  нь байна уу?
Сингапур болон бусад улсын төлөөлөл  байна. Тэд бол манай нүүрсийг Хятадаар дамжуулан авах боломжтой гаднын үйлдвэрлэгчид. Экспортын зөвшөөрөлтэй гаднын татвар төлөгч компаниуд оролцож байгаа.  Үйлдвэрлэгч  болон  бусад ком­па­нийн хувьд дэнчингээ байршуулс­наар арилжаанд оролцох боломж нээлттэй. Хүсэлтээ өгөөд бүрт­гүүлж байна. 
Энэ арилжааны гол зорилго нь Монгол Улсаас гарч байгаа нүүрсийг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар үнийг өсгөх, тогтвортой түвшинд барих юм. Дуудлага худалдаанд эцсийн худалдан авагч тал өөрөө сууж байгаа бол дундын зуучлагчаас өндөр үнийн санал тавих нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл энэ зах зээл өөрөө өөрийгөө засаж залруулна гэсэн үг. 

Дундын зуучлагч уг дуудлага худалдаанд оролцон ашиг хийж, мөнгө угаах эрсдэл үүсэхгүй гэсэн үг үү?
Компанийн бүртгэлтэй гэрчил­гээ, татвар төлөгчийн дугаар зэ­рэг баримт бичгээ баталгаат орчуул­гаар баталгаа­жуу­лан заа­вал ирүүлэх шаардлага тавьж байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэзээ энэ арилжаанд оролцох вэ?
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд төрийн өмчтэй компани учраас төрийн байгууллагын тодорхой хууль дүрэм үйлчилдэг. Тэдгээр хууль журмын дагуу бүх зүйлээ бэлэн болгосны дараа арилжаанд оролцох ёстой. Тиймээс  бид энэ арилжааг хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан. Үүнээс өмнө цахим систем маань хэр байна гэдгийг бүтэн циклээр нь харахын  тулд сая туршилтын арилжааг амжилттай хийлээ.  Өөрөөр хэлбэл олбор­логч талаас бүтээгдэхүүн гараад худалдан авагчид хүрэх энэ циклийг бүгдийг энэ арилжаанд  туршсан юм. Удахгүй худалдан авагч талд арилжигдсан нүүрс  нийлүүлэгдэх учиртай. Биржийн арилжаа үнэт цаасны арилжаа шиг тэр дороо бүтэх зүйл биш. Бодит хөрөнгө, нэг талаас нөгөө талд шилжих үйл явц учраас тодорхой хугацаа шаардана. Одоогоор ямар нэгэн саад тотгор гараагүй байна.

Арилжаа саяхан  Гашуунсухайт боомтын терминал хүрэх нөхцөлөөр хийгдсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-аас гадна өөр компаниуд оролцох боломжийг нээж байгааг та хэллээ? Өөр боомтоор тухайлбал Ханги боомтоор нүүрсээ гаргадаг худалдагч тал энэ арилжаанд оролцох боломжтой юу?
Засгийн газрын баримталж байгаа гол бодлого бол нээлттэй дуудлага худалдааны зарчмаар хил үнээр нүүрсээ зарах. Энэ нь дотоодын тээвэрлэлтээ хөгжүүлэхээс гадна үнэ тогтоход илүү хялбар болгож байгаа сайн талтай. Шаардлагатай бол бусад боомт дээр ч энэ арилжаа явагдах боломжтой. Гэхдээ түр журмаар гарч байгаа энэ үед хүсэлт гаргасан компанийн нүүрс л зарагдана.  
 
Ярилцсан Танд баярлалаа.