Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Тавантолгой-Ханги чиглэлийн төмөр замын экспортын нүүрс тээвэрлэлт эхэллээ

А.Халиун

Тавантолгой-Цагаанцав чиглэлийн буюу Тавантолгойгоос Ханги хүртэлх 540 км төмөр замаар 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр БНХАУ руу нүүрсний туршилтын тээврийг амжилттай хийжээ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг “Монголиан транс лайн” ХХК найман сарын хугацаанд барьж, өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан юм. Тус төмөр зам нь Монгол Улсын хилд хүрсэн бөгөөд БНХАУ-тай холбогдох Мандал боомтын төмөр зам хилийн цаахна 10 гаруй км-ийн зайд буй юм.

Туршилтын тээврийг Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар хоёрдугаар сарын 1, 10-ны өдөр хоёр удаа тус бүр 50 вагоноор 3000 тн буюу нийт 6047 тонн нүүрсийг тээвэрлэн экспортолжээ.
 
Чингэлэгтэй нүүрсийг галт тэрэгнээс автомашинд шилжүүлэн ачиж, БНХАУ руу экспортлох туршилтын тээвэр хоёр удаа амжилттай явагдсан бөгөөд нүүрс тээвэрлэлтийг ийн үргэлжлүүлнэ хэмээн “Монголиан транс лайн” ХХК-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Сайнжаргал мэдээлэв.

Түүнээс Ханги-Мандалын төмөр замын хил холболтын цэгийг тогтоох ажил ямар шатанд явааг тодруулахад, “Монгол-Хятадын хамтарсан ажлын хэсэг зураг төсөл болон хил холболтын цэг тогтоох бусад судалгааг хийж байна” гэв.