Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Монгол Улс нүүрсээ Хятадын зах зээлд дуудлага худалдаагаар борлуулж байна

Ч.Сансар


Хятадын ган үйлдвэрлэгчдийн нүүрсний  хамгийн том ханган нийлүүлэгч  Монгол Улс   нүүрсний  салбарын ил тод байдлаа сайжруулах, зах зээлд илүү ойртож,  өндөр ашиг хүртэхийн  тулд бүтээгдэхүүн нийлүүлэх  арга барилаа өөрчилж байна.
 
Тус улсад өнгөрсөн жил нүүрсний хулгайн хэрэг ил болж, дуулиан дэгдэсний дараа Засгийн газар дуудлага худалдааны систем рүү шилжиж эхэлжээ. Бээжин сүүлийн жилүүдэд Монгол Улстай нүүрсний худалдаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Энэхүү хандлага нь ялангуяа Австралиас нүүрсний тээвэрлэлтээ зогсоосны дараа илүү эрчимжиж эхэлсэн. Австрали нь өмнө нь өндөр чанартай нүүрсний №1 нийлүүлэгч байсан юм.

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж. Ганбаатар өнгөрсөн долоо хоногт орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа  долоодугаар сар гэхэд 12 сая тонныг дуудлага худалдаагаар худалдах зорилт тавьсан тухайгаа мэдэгдсэн. Засгийн газар 2024, 2025 онд коксжих болон  эрчим хүчний нүүрс зэрэг бүх төрлийн нүүрсээ дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөж байна.

Хятад бол Монголын бараа бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч. Өнгөрсөн онд Монголоос бараг 26 сая тонн коксжих нүүрс импортолсон ба энэ нь Хятадын нийт худалдан авалтын 40%-ийг эзэлсэн. Дуудлага худалдааны шинэ систем нь 2021 оны сүүлчээс хойш хориглосон Австралийн нүүрсний импорт сэргэж, Канберра Бээжин хоорондын харилцаа дулаарч эхэлсэнтэй давхцаж байна. 

Энэхүү шинэ нөхцөл байдалд Хятадын худалдан авагчид илүү их сонголттой болж, Монголын уурхайчид илүү их эрсдэлтэй тулгарч байна. Урт хугацааны гэрээ нь худалдагчдыг үнийн хэлбэлзлээс хамгаалдаг бөгөөд одоогоор Хятадын гангийн салбарын хөгжлийн хэтийн төлөв тодорхойгүй байна. Бээжин Ковид хязгаарлалтаа цуцалсаны үр дүнд Хятадын эдийн засаг дахин сэргэнэ гэж Монгол найдаж байна. Харин Хятадын гангийн хамгийн том хэрэглэгч болох үл хөдлөх хөрөнгийн салбар олон сорилттой тулгарсан хэвээр.

Монголын хөрөнгийн биржийн зохион байгуулж байгаа дуудлага худалдаа энэ сард эхэлж, нийт 128 мянган тонн нүүрс борлуулсан тухай цахим хуудсандаа мэдээлжээ.

Эх сурвалж: mining.com