Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Конго улс Хятадтай байгуулсан гэрээний хүрээнд дэд бүтцэд нэмж 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахыг шаардлаа

Ч.Сансар

“Конго улсын аудитор Хятадын хөрөнгө оруулагчидтай 2008 онд байгуулсан гэрээний хүрээнд дэд бүтцэд нэмэлт 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг Хятадаас шаарджээ” хэмээн Ройтерс дурдсан байна. Дэд бүтэц байгуулж төлбөрт нь ашигт малтмал авдаг энэхүү гэрээг дахин хэлэлцэж байгаа юм байна.
 
Ерөнхийлөгч Феликс Цисекедигийн Засгийн газар өмнөх Ерөнхийлөгч Жозеф Кабилагийн байгуулсан гэрээг эргэн харж байна. Уг гэрээний дагуу Sinohydro Corp болон China Railway Group Limited нар Конго улсын Gecamines уул уурхайн компанитай хамтран байгуулсан кобальт, зэс олборлох Sicomines компанийн 68%-ийг эзэмшихийн тулд зам, эмнэлэг барьж өгөхөөр тохиролцов.
Sicomines гэрээнд Хятадын хөрөнгө оруулагчид дэд бүтцийн төслүүдэд 3 тэрбум ам.доллар зарцуулах үүрэг хүлээсэн. Харин улсын аудитор Gecamines-ийн оруулсан хувь нэмрийг зөв тооцохын тулд тохиролцсон хэмжээгээ өсгөж, 20 тэрбум ам.доллар болгохыг шаарджээ.
Sicomines компанийн албан тушаалтан тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна. Тэрээр өмнө нь энэ гэрээг хамгаалж, “Конго улсын иргэдийн хөгжилд энэхүү гэрээ маш их дэмжлэг үзүүлсэн бөгөөд үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр Sicomines илүү их хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна” гэж мэдэгдэж байжээ.
Одоогийн байдлаар хамтарсан Sicomines компани дэд бүтцэд ердөө 822 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж Ройтерс агентлагийн үзсэн IGF-ийн тайланд дурдсан байна. Аудитор мөн Sicomines-ээс "нэн даруй" 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг уриалж, дэд бүтцийн төслүүдийн ажилчдын 50% нь конго иргэд байх ёстой гэж шаарджээ.
IGF тайланд 16 шаардлага бүхий жагсаалт танилцуулж, "хоёр талын үүрэг, үр ашгийг тэнцвэржүүлэх, талуудын оруулсан хувь нэмэртэй нийцүүлэх зорилгоор тус гэрээг дахин хэлэлцэхийг" уриалав.
Аудитор мөн Gecamines-д Sicomines компанийн илүү том хувь эзэмшүүлэхийг шаардсан. Одоогоор 32%-ийг эзэмшиж  байна.
Конго улсын Засгийн газар Sicomines гэрээг энэ онд шинэчилнэ гэсэн хүлээлттэй байгаагаа Сангийн сайд өнгөрсөн сард Ройтерс агентлагт хэллээ.