Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт болно 

А.Халиун
Монголын залуучуудын холбоо, Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг зохион байгуулна.

Тус чуулга уулзалтад БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим аж ахуй нэгж, байгууллагууд оролцох бөгөөд уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш улс бөгөөд тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын тоонд багтдаг. Монгол Улс БНХАУ-тай 2023 оны нэгдүгээр сард 1.2 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлжээ. Түүнчлэн БНХАУ нь 2011-2021 оны хооронд 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийсэн байна.

Цаашид БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг тогтвортой татах  зорилгоор тус чуулга уулзалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар талууд тохиролцжээ. Чуулга уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, анхаарах асуудлыг хэлэлцэж, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээхээр зорьж байна.

Уулзалт  монгол, хятад хэлнээ бүрэн орчуулгатай явагдах бөгөөд Монголын талын аж ахуй нэгжүүд БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай санал солилцож, бизнесийн хамтрагчаа олж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.