Ч.Сансар
Их Британийн олон мянган хэрэглэгч цахилгаан автомашин руу шилжсэнээр цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл 50% орчим өсч, автомашины үйлдвэрлэл өнгөрсөн сард бага зэрэг буурчээ.
Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлыг үл харгалзан автомашины үйлдвэрлэл өнгөрсөн сард ердөө 0.3%-иар буурсан нь зах зээл тогтвортой байгаагийн илрэл хэмээн салбарынхан сайшааж байна.
Автомашин үйлдвэрлэгч, худалдаачдын холбооны (SMMT) сүүлийн үеийн тоо баримтаас харахад шинээр 68,575 автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх сарынхаас 215-аар буурсан байна.
Энэхүү өөрчлөлт нь Их Британи цахилгаан машин үйлдвэрлэж зах зээлд борлуулах чадвартай байгааг нотолж байна хэмээн SMMT мэдэгдэв.
Үйлдвэрлэгчид мөн бензин, дизель түлшээр ажилладаг автомашин үйлдвэрлэхээс татгалзаж, зах зээл дээрх цахилгаан автомашины борлуулалт 49.9%-иар өсч, 28,329 цахилгаан машин зарагдсан байна.
Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн өсөлт нь өнгөрсөн сард нийт үйлдвэрлэсэн автомашины 41.3%-ийг эзэлж байгаа нь бараг сарын дээд амжилт юм.
SMMT-ийн мэдээлснээр Их Британид 40 сая орчим тээврийн хэрэгсэл ашигладаг бөгөөд жил бүр 774,000 орчим машин шинээр үйлдвэрлэж байна. Энэ нь 2017 онд үйлдвэрлэсэн 1.5 сая автомашинаас буурсан үзүүлэлт юм. 2021 оны байдлаар автомашины салбар 60 гаруй тэрбум фунт стерлингд хүрсэн.
Үйлдвэрлэл бага зэрэг буурсан нь бүтцийн өөрчлөлттэй холбоотой гэж SMMT мэдэгдэв. Түүнчлэн нийлүүлэлтийн асуудлууд зарим үйлдвэрлэгчдэд нөлөөлсөн хэвээр байгаа гэв.
"Автомашины үйлдвэрлэл нь нүүрстөрөгч багатай эдийн засгийн өсөлтийг урагшлуулах боломжтой. Гэхдээ энэ салбарт хөрөнгө оруулалт татахын тулд өрсөлдөөнт орчин хэрэгтэй" гэж SMMT-ийн Гүйцэтгэх захирал Майк Хоус хэлэв.
"Дэлхийн сүүлийн үеийн үйл явдлуудыг харахад улс орнууд протекционист бодлого ихээхэн хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэхгүй эсвэл багасгахгүй бол Их Британид сөрөг нөлөө үзүүлнэ."
“Автомашины салбарыг бүтцээр нь өөрчлөхийн тулд бидэнд өрсөлдөх орчин, цахилгаан тээврийн хэрэгслийг олон улсын хэмжээнд дэмжих арга хэмжээ хэрэгтэй. Бид дараачийн төсвөө хүлээж байна. Уг төсвөөр бид автомашины салбарыг хөгжүүлэх шаардлагатай арга хэмжээг авах болно” хэмээн тайлбарлав.