А.Халиун
“Оюутолгой” ХХК-ийн 2022 оны дөрөвдүгээр улирлын тайланг тус компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон удирдлагын багийн гишүүд өнөөдөр /2023.03.02/ танилцууллаа.
Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Оюутолгой” ХХК 2022 онд аюулгүй ажиллагааны хувьд өндөр үр дүнтэй ажилласан. Байгаль орчин, засаглалын чиглэлээр Ханбогд сумыг хөгжүүлэх “Ханбогдын хөгжлийн хурдасгуур” санг байгууллаа. Ингэснээр Ханбогд сумыг тогтвортой хөгжүүлэх суурь тавигдаж байна.
2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар болон “Рио тинто” компанийн удирдлагууд оролцож, гүний уурхайн үйл ажиллагааны эхлэлийг тавьсан нь манай хувь нийлүүлэгчид хамтын ажиллагаагаа баталгаажуулсны нэг том илрэл болсон.
Өнгөрсөн онд “Рио Тинто” компани ”Туркойз хилл” компанийг эзэмших болсноор хоёр компанийн олон жилийн үр дүнтэй туршлагыг “Оюутолгой”-д хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Инфляцын өсөлттэй холбоотой зардлууд нэмэгдсэн ч “Оюутолгой” компани өнгөрсөн онд үйлдвэрлэлийн болон санхүүгийн төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажилласнаа дуулгахад таатай байна. Төлөвлөсөн зорилтоо биелүүлэхэд хамтран ажилласан ТУЗ болон нийт ажилтнууд, бүх оролцогч талуудад талархал илэрхийлье.
Оюутолгой дэлхийд тэргүүлэх зэс, алтны уурхай болох замдаа эргэлт буцалтгүй орж байна.
2023 оны тэргүүлэх зорилтуудаас:
2023 он бидний хувьд онцлог түүхэн жил болно. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа “Оюутолгой” компани гүний уурхайн олборлолтоо эхэлнэ. Энэ нь оюутолгойчуудад төдийгүй Монгол Улсын хувьд түүхэн үйл явдал болно гэдэгт итгэлтэй байна.
Гүйцэтгэх захирлын хувьд хэлэхэд 2023 онд дөрвөн гол чиглэлээр ажиллана. Ажиллагсдынхаа аюулгүй байдал, сайн сайханд анхаарал хандуулах нь эн тэргүүний зорилт хэвээр байх болно. Аюулгүй ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ажиллагсдад чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх болно. Урам зоригийн манлайлал буюу удирдах ажилтнуудад зориулсан хөтөлбөр, техникийн аюулгүй байдлын хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Хоёрдугаарт, гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлж буй учир уурхайн гүний аюулгүй ажиллагаа хангах нь бидний гол зорилт. Үүний тулд агааржуулалтын амуудын бүтээн байгуулалт болон материал тээвэрлэх туузан дамжуулалтын ажлыг урагшлуулах нь томоохон зорилт. Дэлхийд хамгийн томд тооцогдох уул уурхайн үйлдвэрлэл явуулж буйгаа бид мартах учиргүй.
Гуравдугаарт, түншлэл хамтын ажиллагаа, нийгэм засаглалын чиглэлд томоохон ажил төлөвлөснөө хэрэгжүүлэх болно. Тэр дундаа орон нутагт хийх хөрөнгө оруулалт, итгэлцлийг бэхжүүлэхэд анхаарал хандуулна. Ханбогд сумыг хөгжүүлэх болон усны чиглэлээр хийх ажлууд чамгүй их байна.
Дөрөвдүгээрт, Би өөрийн багийн үйл ажиллагааг “Таван алхмын өмнө явцгаая!” гэж тодорхойлсон. Оюутолгой бол маш хурдацтай өсөж, хөгжиж буй компани. Тиймээс үргэлж урагшаа тэмүүлж ажиллах ёстой. Энэ жил гүний уурхайн олборлолт эхлүүлж буйтай холбогдуулан үйл ажиллагаатай нэгтгэх нь чухлаар тавигдаж байна. Мөн компанийнхаа стратегийг шинэчлэх ажлыг эхэлсэн.
2022 онд нийт хамтран ажиллагч талууд тэр дундаа Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” компанийн ТУЗ, үндсэн болон гэрээт ажилтнууд, нийт гэрээт компаниудынхаа дэмжлэг туслалцаатайгаар 2022 оны амжилтаа бататгаж, 2023 онд илүү ихийг хийж бүтээхийг зорин ажиллаж байна. Оюутолгой дэлхийд тэргүүлэх зэс, алтны уурхай болох замдаа эргэлт буцалтгүй орж байна. Гэхдээ бид зөвхөн хамгийн том уурхай байхыг зорихгүй. Нийгэм, олон нийтэд хамгийн эерэг үр нөлөө үзүүлдэг уурхай болж өсөж хөгжиж, төлөвшихийг хүсэж байна.
Б.Өлзийжаргал: “Оюутолгой”-н борлуулалтын орлого 2022 онд 1.4 тэрбум ам.долларт хүрсэн
“Оюутолгой” компанийн Санхүүгийн хэлтсийн тайлан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өлзийжаргал,
2022 онд компанийн борлуулалтын орлого 106 хувийн гүйцэтгэлтэй буюу 1.4 тэрбум ам.долларт хүрсэн. Өндөр сорилттой амаргүй жил байсан боловч төлөвлөгөөгөө 6 хувиар давуулан биелүүллээ.
Энэхүү орлого компанийн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх болон Улсын төсөвт татвар, хураамж төлөхөд зарцуулагдсан. 2022 онд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 1 тэрбум 566 сая ам.доллар буюу сард дунджаар 131 сая ам.доллар болсон. Тодрбуулбал, 2022 оны орлогоосоо давсан хэмжээний валютын орлогыг дотоодод нийлүүлж, төлбөр тооцоог гүйцэтгэсэн байна.
2022 оны гуравдугаар сард Монголбанкнаас валютын ханшийг тогтворжуулах бодлогын хүрээнд компанид ирүүлсэн хүсэлтийн дагуу дотоодод оруулж буй ам.долларыг Монголбанкинд 100 хувь арилжааллаа. 2022 онд 1.3 тэрбум ам.долларын валютын арилжааг Монголбанктай хийсэн байна.
Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн 78 хувь нь Оюутолгойн ханган нийлүүлэгч ААН-үүдэд хийсэн төлбөр эзэлж байна. 9 хувь нь үндсэн монгол ажиллагсад, хувь хүний цалин хөлсөнд зарцуулагдсан.
Улсын төсөвт шууд төлдөг татвар, нийгмийн даатгал, хураамж, бусад төлбөрүүд 13 орчим хувийг эзэлж байна. Мөнгөн дүнгээр авч үзвэл 207 сая ам.доллар буюу 648 тэрбум төгрөг болж байна. 2010-2022 онд төлсөн татвар, хураамжууд нийт 4 тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөг болж.