Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ-ын газрын тос, байгалийн хийн орлого  хоёр дахин буурчээ

Ч.Сансар

ОХУ-ын газрын тос, байгалийн хийн орлого өнгөрсөн оны хоёрдугаар сард бараг хоёр дахин буурч (46%-иар) 521 тэрбум рубль болсон гэж Bloomberg агентлаг Оросын Сангийн яамны мэдээлэлд үндэслэн тооцоолжээ.

Газрын тос, нефтийн бүтээгдэхүүний татварын орлого 48%-иар буурч, 361 тэрбум рубль болжээ. Оросын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн Urals нефтийн үнэ буурсантай холбоотой тус улсын орлого эрс багассан. Өнгөрсөн сард нэг баррель дунджаар 49.56 ам.доллар байв. Энэ байдал нь барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээтэй холбоотой. Арванхоёрдугаар сарын 5-нд ОХУ-аас далайгаар тээвэрлэх газрын тосонд тогтоосон Европын Холбооны хориг хэрэгжиж эхэлсэн, мөн нефтийн дээд үнийг 60 ам.доллараар хязгаарласан байна. Уг хязгаарлалтын арга хэмжээг “Их долоо”, Австрали, Норвеги дэмжсэн юм. Харин өнгөрсөн сарын 5-наас эхлэн Оросын нефтийн бүтээгдэхүүнд тавьсан хориг хүчин төгөлдөр хэрэгжих болсон.

Bloomberg-ийн мэдээлснээр, хоёрдугаар сард байгалийн хийн татварын орлого өмнөх оны мөн үеийнхээс бараг 42%-иар буурч, 161 тэрбум рубль болсон байна. Газпромын бүтээгдэхүүнд тогтоосон уул уурхайн татварын нэмэгдэл нь экспортын татварын алдагдлыг нөхөж чадсангүй гэж тус агентлаг тооцоолжээ. Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ОХУ-д хийн түлшний татварыг 50 тэрбум рублээр нэмэгдүүлж, үр дүнд нь татварын орлого 86%-иар дээшилж, 121 тэрбум рубль хүрчээ. Гэвч үүнтэй зэрэгцэн тус улсын хийн экспортын татварын орлого 81%-иар буурч, 40 тэрбум рубль болсон. Энэ нь Газпромын экспортын хэмжээ огцом буурч, байгалийн хийн үнэ буурсантай холбоотой юм. Төсвийн орлогын гуравны нэг орчим хувийг түлшний орлого бүрдүүлдэг гэдгийг Bloomberg санууллаа.