Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

П.Сайнзориг:  Жижиг “Тавантолгой” ХК экспортлох нүүрсээ ангилан овоолго хийж байна

 
А.Халиун

Орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг   /2023.03.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр  Засгийн газрын шийдвэрээр 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр “Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон ажиллаж байна. Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах хугацаанд удирдлага, менежментийн ямар шийдвэрүүд гарсан болон хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахтай холбоотой мэдээллийг тодруулсан юм.

Орон нутгийн “Тавантолгой” ХК 2022 оны үйл ажиллагааны үр дүн, ашиг орлогодоо түшиглэн хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараана гэдгээ зарлалаа. Хэдий хэмжээний ашигтай ажиллав?
Жижиг “Тавантолгой”-той холбоотой шүүмжлэлтэй асуудлууд байгаа боловч ашиг орлого нь нэмэгдсэн жил байлаа. “Тавантолгой” компани өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 289 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоноос хойш 21 хоногт жилийн борлуулалтын орлого 16 орчим хувь болсон.

Хувьцаа эзэмшигчдэдээ өндөр дүнтэй ногдол ашиг тараах боллоо?
Ажил хүлээн авч байхад “Манайх 180 тэрбумын ашигтай гардаг” гэсэн мэдээллийг ерөнхий нягтлан бодогч өгч байв. Бид санхүүгийн шинэ баг томилон ажиллуулахад  ашгийн үзүүлэлт нэлээд өндөр дүнтэй гарсан. Шинэ он гарч татвар төлбөрүүдээ төлсний дараа түүхэндээ хамгийн өндөр дүнтэй ногдол ашиг хуваарилах шийдвэрийг компанийн ТУЗ-өөс гаргалаа. Монголын Хөрөнгийн биржид нээлттэй байгаа хувьцаат компаниудаас хамгийн өндөр дүнтэй буюу нэгж хувьцаанд 2743 төгрөгийн ногдол тараах шийдвэр гарсан. Ногдол ашиг тараах  үйл явц хуулийн дагуу үргэлжилнэ.

Та томилогдон очоод ямар ажлуудыг амжуулав?
Оны сүүлчээр томилогдсон учир жилийн тайлан гаргах, 2023 оны бизнес төлөвлөгөөг нь батлах зэргээр Компанийн хуульд заасны дагуу ажилласан. Тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт хийх шаардлага гарсан Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчигдөж, дэд захирлуудтай ажиллаж байсныг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн. Судалгааны төлөвлөлтийн хэлтсийг шинээр байгууллаа.

Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд ямар нэг зөрчил илэрч байна уу?
Компани ямар нэг програм хангамж дээр санхүүгийн бичилтийг хагас жилийн турш хийгээгүй. Мөн санхүүгийн анхан шатны баримтууд бараг байхгүйтэй адил нөхцөл байдалтай байсан. Мөн холбогдох архив, бичиг баримтын бүрдэл хагас дутуу. Албаны хүмүүс нь “Уулын албанд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл хомс учир ажил хүлээлцэхэд бүх бичиг баримт алга болсон” л гэж хэлж байх жишээтэй.

Маркшейдер болон нүүрсний хэмжилтийн бичиг баримтууд байхгүй гэх мэт хардлага үүсэх хүчин зүйлүүд байна. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн компаниудтай худалдаа арилжаа хийдэг байсан. Санхүүгийн тайланд маш их хэмжээний засвар орсон, андуурсан гүйлгээ, илүү төлөлт, буцаан олголт гэх мэт зүйлүүд нь хардлага дагуулж байгаа юм.

Засаглал нь алдагдсан байсан. Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани учир бүх зүйл нь ном ёсоороо мэт харагдах  боловч орон нутгийн 51 хувийг төлөөлж байгаа хүмүүс нь улстөрчид байна. Улстөрчид ТУЗ-д орно гэдэг улс төрийн шийдвэр гарна гэсэн үг. Тиймээс цаашид энэ компанийн орон нутгийг төлөөлж байгаа хүмүүсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар авч, бизнесийн суурьтай, хариуцлага хүлээн ажиллах чадвартай хүнийг томилох шаардлагатай байна.

2023 онд ашиг орлогын төлөвлөлтөө ямар байдлаар төсөөлж байна вэ?
Компани тээвэрлэлтээ эхлүүлж, нүүрсээ хилийн үнээр зарж эхэлбэл 2022 оны санхүүгийн үзүүлэлтээ хадгалахыг үгүйсгэхгүй.
Намайг БЭТ-өөр томилогдон ирэх 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний үед Хөрөнгийн биржид “Тавантолгой”-н нэгж хувьцаа 8200 төгрөгийн үнэтэй байсан. Хувьцаа оргил үедээ 16200 төгрөгт хүрээд бууж байв.

2023 оны бизнес төлөвлөгөөнд 3 сая тонн нүүрс олборлож, үүнийхээ 5-10 хувийг дотоодын борлуулалтад, бусдыг нь экспортлохоор төлөвлөсөн.

Жижиг “Тавантолгой”-д хэчнээн хүн ажилладаг вэ?
Одоогоор 240 орчим хүн ажиллаж байна. Компанийн ажилтнуудын 90 орчим хувь нь орон нутгийн иргэд байдаг. Монгол Улсын Засгийн газрын бодлогод нийцүүлэн тээвэрлэлтийг компаниуд хариуцахаар болсон учир тээврийн асуудал ариуцсан ажилтан авах шаардлага үүссэн. Мөн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой 14:14 хоногоор ажиллахад орон тоог нэмэх шаардлага үүсэж байна.

Нүүрсээ хэзээнээс экспортолж эхлэх вэ?
ТУЗ-ийг хурлаар бизнес төлөвлөгөөнөөс гадна өмнөх жилийн санхүүгийн тайланг хэлэлцлээ. Бүх ажлыг Тендерийн тухай хуулийн дагуу явуулна. “Тавантолгой” ХК-д өмнө нь энэ зохицуулалт алдагдсан байв. Одоогийн байдлаар зөвхөн уулын ажил буюу хөрс хуулалтын ажил явагдаж байна.

Өөрөөр хэлбэл, борлуулах нүүрсээ ангилан овоолго хийж байна. Худалдан авах ажиллагааны газраас манай байгууллагын тээврийн тендерийг   /2023.03.06/ зарлана. Тэгэхээр цахим биржээр нүүрсээ борлуулах бэлтгэлээ бүрэн хангагдах юм.

Цахим бирж буюу үнэ хаялцуулан борлуулахад уурхайн амны үнэ болох 100 ам.доллараас 173.3 ам.долларт хүргэн өсгөж зарсан. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьд нүүрсний үнийг 73 хувиар өсгөөд байна.