Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто Симандоу уурхайтай холбоотой авлигын асуудлыг шийдэв


 

Ч.Сансар


"Рио Тинто" групп Гвиней улстай холбоотой авлигын асуудлыг шийдвэрлэхийн тулд 15 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Зургаа гаруй жилийн өмнө Баруун Африкт оршдог тус улсын төмрийн хүдрийн аварга том ордтой холбоотой авлигын хэргийн улмаас "Рио Тинто" компани хоёр дээд албан тушаалтнаа ажлаас халж байсан.
 
"Рио Тинто" компанид ажилладаг улс төрийн зөвлөх Гвиней улсын төрийн албан хаагчийг хахуульдах гэж оролдсон гэж АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) мэдэгдэв. Үүнээс гадна "Рио Тинто" тухайн албан тушаалтанд төлсөн төлбөрөө зохих ёсоор бүртгээгүй, тус компанийн хяналтын тогтолцоо хангалтгүй түвшинд байдаг хэмээн SEC даваа гарагт мэдэгдлээ.

"Рио Тинто" торгуулиа төлөхийг зөвшөөрсөн ч, хэргээ хүлээн зөвшөөрөөгүй бас үгүйсгээгүй байна гэж SEC мэдэгдлээ. Зохицуулагчийн зүгээс энэхүү үйлдэл нь Гадаадын авлигын гэмт хэргийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Уг хэрэг нь Гвиней улсын Симандоу бүс нутгийн төмрийн хүдрийн нөөцийг ашиглахыг оролдсон Риогийн урт удаан, сорилт бэрхшээл ихтэй түүхийн нэг хэсэг юм. Рио нь SEC болон бусад хяналтын байгууллагуудад зөвлөхтэй холбоотой асуудлыг мэдээлсэний дараа Алан Дэвис, Дебра Валентин нарын хоёр захирал 2016 онд ажлаасаа халагдсан.

Дэвис нь Риогийн эрчим хүч, ашигт малтмалын   ерөнхий захирлаар ажиллаж байсан бол Валентин хууль эрх зүй, зохицуулалтын асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Зөвлөхүүд зөрчил гаргасан гэсэн мэдэгдлийг үгүйсгэв.

Симандоугийн үйлдвэрлэл хараахан эхлээгүй байгаа. Рио одоо Хятадын Chalco Iron Ore Holdings болон Гвинейн Засгийн газартай хамтран байгуулсан компанийн эзэмшлийн дөрвөн талбайгаас хоёр талбайн ихэнх хувийг эзэмшдэг. “Дэлхийн хамгийн том ашиглагдаагүй болон өндөр агуулгатай төмрийн хүдрийн орд” гэж Риогийн нэрлээд байгаа төслийн хэрэгжилтийг хувьцаа эзэмшигчид хэлэлцсээр байна.

Даваа гаригийн шийдвэр нь 2011 оноос эхэлсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд гарсан. 2011 онд Рио Тинто Гвиней дэх уул уурхайн олборлолтын зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдэх зорилгоор Францын хөрөнгө оруулалтын банкирыг хөлсөлж байсан гэж SEC мэдэгдэв.

SEC-ийн мэдээлснээр, тус банкир Гвинейн Засгийн газрын албан тушаалтанд 800,000 гаруй ам.доллар өгч, олборлолтын зөвшөөрлийг авах гэж оролдсон байна. Рио Тинто уул уурхайн олборлолтын зөвшөөрлийг авч үлдсэн бөгөөд зөвлөхөд ажлын хөлсөнд 10.5 сая ам. доллар төлсөн.

Авлигын хэргийг Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо шалгасан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Их Британийн Ноцтой залилангийн хэргийг хариуцсан газар мөн бас шалгасан боловч гаргасан шийдвэрүүдээ олон нийтэд танилцуулаагүй байна.