Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Э.Булган:  Шинэчилсэн татварын тухай хуулиар  харилцан хамааралтай этгээдүүдийн талаар тодорхой заалт оруулсан

The Mongolian Mining Journal  /Jan.2023/


“Mckenzie and Partners” ТМЗ компанийн аудитын партнер Э.Булгантай  уул уурхайн салбарын татварын бодлого, шинэчлэлийн асуудлаар   ярилцлаа. Тэрээр олон улсын мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд уул уурхайн татварын чиглэлээр судалгаа хийдэг юм.  

Уул уурхайн салбарт үйлчилж байгаа татвартай холбоотой хуулийн шинэчлэл, тулгарч байгаа бэрхшээл, шийдэл, гарцын талаар эхлээд ярилцая?
Уул уурхайн салбарт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын /ААНОАТ/, Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/, нийгмийн даатгалын шимтгэл, суутган төлөгчийн зэрэг татварууд  үйлчилж байна. УИХ-аас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр шинэчлэн баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Үнэ шилжилтийн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Татварын хуулийн хамгийн том шинэчлэлийн нэг нь татварын хөөн хэлэлцэх хугацааг өмнөх хуулиар 5 жил байсныг 4 жил болгон бууруулсан. Мөн татварын хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргаар үнэлж татварын системээр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн аж ахуйн нэгжүүдэд л зөвхөн татварын хяналт шалгалт ордог болж өөрчилснөөрөө давуу талтай болсон. ААНОАТ-ын тухайд хамгийн их эрсдэл дагуулдаг  асуудлууд нь жижиг, дунд уурхайнууд хасагдах, хасагдахгүй зардлуудаа сайн ялгаж мэдэхгүй байх тохиолдлууд. Үүнээс шалтгаалж аж ахуйн нэгжүүд хоёр тайлан гаргах, татвараа нуун дарагдуулах эрсдэлүүдтэй тулгардаг.

Уг нь ААНОАТ-ын шинэ хуульд хасагдах зардлын шатлалуудыг маш тодорхой тусгаж өгсөн. Гэтэл тухайн байгууллага  үүнийгээ сайн мэдэхгүйгээс болж эрсдэлтэй татвар төлөгч ангилалд багтан татварын хяналт шалгалтад   орж, улмаар татварын алданги торгууль төлж  байна.  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын хөрөнгө оруулалттай томоохон уурхайнууд татварын эрсдэлээ аль болох тэг болгох тал дээр  зорьж ажилладаг. Ажилчдын  цай, кофе, усны зардлыг хүртэл  ажилчдын хувийн хэрэглээний зардал гэж ангилан хасагдахгүй зардалд оруулж тайлагнадаг компаниуд бий.  Ингэснээр дөрвөн жилийн хөөн хэлэлцэх хугацаатай  татварын шалгалтад ороход  татварын эрсдэлгүй байх боломжтой болно. 

НӨАТ-ын тухай хуулийн хувьд эрсдэл учруулж байгаа гол зүйл юу вэ?
Худалдан авалтын И-баримтгүй зардал нь эрсдэл дагуулж байна. И-баримтгүй зардлаас шалтгаалан хасагдах НӨАТ-aa  хасч чадахгүй байна. Нөгөөтэйгүүр борлуулалтын орлогодоо НӨАТ ногдуулснаар маш их хэмжээний НӨАТ-ийн өрөнд орж буй нь аж ахуйн нэгжүүдэд хүнд ачаа болж байна. НӨАТ нь Францаас гаралтай далд эдийн засгийг ил болгох зорилготой, зөвхөн эцсийн хэрэглэгч төлдөг татварын нэг төрөл. Нэг нь борлуулснаа, нөгөө нь худалдаж авснаа тайлагнадаг татварын тогтолцоо юм. Борлуулалтын НӨАТ-aaс худалдан авалтын НӨАТ-ыг хасаад зөрүү дээр нь НӨАТ-ын өглөг авлага үүсч явдаг. 

Гэтэл бидний худалдан авч буй бүх зардал нь И-баримтаар баталгааждаггүйн улмаас өнөө­дөр энэ татварыг компаниуд илүү төлж, мөнгөн урсгалд нь маш их хэмжээний дарамт учруулж байна. Худалдааны бөөний төвүүд, том захууд И-баримт өгч хэвшээгүй. 

Компаниуд нэг талдаа борлуулалтын НӨАТ-өө төлөөд байдаг, нөгөө талдаа  худалдан авалтын И-баримтаа авч чаддаггүйгээс хүнд байдалд ордог. И-баримт олголтыг сайжруулахын тулд компаниудыг өөрсдөө энэ баримтаа худалдан авалт бүрдээ борлуулагчаас нэхэж авах үүрэгтэй гэж татварын албаныхан тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, Татварын алба өөрсдийн хийх ажлаа аж ахуйн нэгжүүд рүү нялзааж байна.

Гэтэл жижиг, дунд уурхайнууд ажилчдын хоол хүнс, ойр зуурын барилгын материал зэрэг худалдан авалтуудаа захуудаас хийдэг бөгөөд зарим зах худалдааны төвүүд И-баримт олгодоггүй учраас компаниуд НӨАТ өндөр төлөх эрсдэл үүсч байгаа юм. Түүнчлэн хувиараа ажил үйлчилгээ үзүүлж байгаа иргэд үзүүлсэн үйлчилгээндээ И-баримт олгодоггүй. Үүнтэй холбоотойгоор компаниуд  хувь хүний ажил үйлчилгээний зардлыг НӨАТ-өөс хасч чаддаггүй. Өөр нэг том жишээ гэвэл томоохон хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд гаднаас  IT, нягтлан бодох бүртгэл,  лицензийн төлбөр зэрэг үйлчилгээг авахдаа үйлчилгээ дээрээ мөн оршин суугч бусын 10%-ийн НӨАТ тооцдог ч үүнийгээ мөн л  хасагдуулж чадахгүй байна. Тухайлбал, фэйсбүүк дээр бүүст хийхэд фэйсбүүк компани нь Монголоос зохих ёсны орлого оллоо гэж үзээд оршин суугчийн бус НӨАТ 10% болон суутганы татвар болох 20%-ыг Монголын татварын албад төлөх үүрэг үүсдэг.

Гэвч Монголын татварын алба тэдгээр татваруудыг фэйсбүүк компаниас суутган авч татварын албанд тушаах, тайлагнах үүргийг аж ахуйн нэгжүүдэд хуулиараа оноосон байдаг. Бодит амьдрал дээр бид хэзээ ч фэйсбүүкт  төлөх төлбөрөөсөө 30%-ийн татвар суутган аваад үлдсэнийг нь төлж чадахгүй. Тэгэхээр Монголын Татварын алба фэйсбүүкт төлж байгаа 100 ам.доллар дээрээ нэмж 10 ам.долларын НӨАТ, 20 ам.долларын суутган татвар гээд нийт 30 ам.доллар төлөх ёстой, тэгж байж танай компанийн зардал болно гэж тайлбарладаг. Ингэснээр гадагшаа төлж байгаа үйлчилгээний төлбөр бүр дээр 30%-ийн татвар нэмэгдэх эрсдэл үүсч байна. Үүнтэй холбоотой бэрхшээлтэй асуудлууд компаниудад гарч ирдэг.

Монголд нийгмийн даатгалын хувь хэмжээ өндөр байна гэсэн шүүмжлэл гардаг. Үүнтэй холбоотойгоор ажил олгогчийн зүгээс цалин урамшууллаа шууд гар дээр нь олгох тохиолдлууд бий.  Гэтэл энэ нь хожим тухайн байгууллагад эрсдэл авчирдаг шүү дээ?
Нийгмийн даатгалын хуулийн санкц татварын хуулиудаас ч өндөр. Тэр утгаараа алданги, торгууль нь ч мөн өндөр байдаг л даа. Энэ нь албан журмын даатгал учраас ажилтан, ажил олгогчийн сонголтын асуудал биш юм. Хувь иргэд  компанид ажил үйлчилгээ үзүүлэхэд тухайн компани ажил үйлчилгээний төлбөрөөс нь нийгмийн даатгал суутгаж авах, мөн ажил олгогчийн нийгмийн даатгалыг улсад төлөх үүрэг хуулиараа хүлээж байгаа. Үүргээ биелүүлээгүйгээс эрсдэл үүссээр байна.  Нэг сараас дээш хугацаатай ажил үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээ хийсэн, хийгээгүй нийгмийн даатгал заавал суутгах ёстой байдаг. Мөн л  дарамт. Нийгмийн даатгалын хуультай холбоотой шинэчлэл яригдаж байгаа ч хууль тогтоох дээд байгууллагаар хэзээ  батлагдахыг хэлж мэдэхгүй байна. Хувь хүн сайн дурын нийгмийн даатгалаа төлөөд ажил үйлчилгээ эрхлэх заалтыг энэ хуульд оруулж өгөх байх гэж олон нийт харж байна. 

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Үнэ шилжилтийн хуулийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү? Энэ яг ямар учиртай, юунд чиглэсэн зохицуулалт вэ?
Үнэ шилжилтийн хуулийн зохицуулалт 2020 оны шинэчилсэн хуулиар батлагдсан. 2014 онд Өршөөлийн хууль батлагдаж, хэрэгжсэнийг уншигчид мэднэ. Нэлээд олон аж ахуйн нэгж татварын өршөөлд багтсанаас болж Монгол Улс дараа жил нь “Саарал”, “Хар жагсаалт”-д орсон. Эдгээр жагсаалтаас гарахын тулд Монгол Улс  олон улсын “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага” буюу (OECD)-д элсэх шаардлагатай болсон юм. Өөрөөр хэлбэл, энэ байгууллагад элсэхтэй холбоотойгоор Монгол Улс 2020 онд татварын хуулийн томоохон шинэчлэлийг хийсэн. Үнэ шилжилт гэдэг ойлголт үүнтэй холбоотойгоор манай улсад шинээр орж ирсэн л дээ. Өмнө нь Монголд хоорондоо харилцан хамааралтай жижиг компаниуд олон байсан бол одоо илүү өргөн хүрээлэлтэй болсон. Шинэчилсэн татварын тухай хуулиар  харилцан хамааралтай этгээдүүдийн талаар тодорхой заалт оруулсан, тухайлбал Татварын ерөнхий хуулийн 27.1 заалтын дагуу татвар төлөгчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ болон эхнэр /нөхөр/, хамтран амьдрагч, тэдгээрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү; нар хүртэл харилцан хамааралтай этгээдэд ордог болсон.

Бизнесийн салбарт бүхий л ажил үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс хоорондоо ямар нэгэн хамааралтай байх нь олон байдаг болсон учраас бид жил бүр Үнэ шилжилтийн тайлан гаргадаг болсон юм. Харилцан хамааралтай этгээдүүд  хоорондоо ажил үйлчилгээ явуулж болохгүй гэсэн үг биш, гол нь тухайн үйл ажиллагаа нь зах зээлийн дагуу, зах зээлийнхээ жишиг үнээр л явдаг байх ёстой. Аль нэг этгээддээ  өндөр зардалтай ажил гүйлгээ хийж ашгаа багасгах, эсвэл бага зардалтайгаар ашгаа ихэсгэх зэрэг зүйлийг хориглохын тулд Үнэ шилжилт гарч ирсэн. Уг нь энэ ойлголт  Монголд  шинэ болохоос биш олон улсад 200 гаруй жил хөгжиж ирсэн  татварын суурь юм. Үндэстэн дамнасан Рио Тинто шиг том компаниудын үйл ажиллагааг хянахын тулд Үнэ шилжилтийн зохицуулалтыг оруулж ирсэн л дээ. Мөн Фэйсбүүк, Нэтфликс зэрэг үндэстэн дамнасан маш том корпорацуудыг татварын диваажин улсад бүртгэлтэй байхаас үл хамааран дэлхийн хаанаас эх үүсвэртэй орлого олно тэр улсдаа холбогдох татвараа төлөхийг Үнэ шилжилтийн ойлголтоор шаардаж байгаа. 

Тийм болохоор “Рио Тинто” компанийн хувьд ч мөн Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байвал Монголын татварын албанд татвар төлөх нь энэ гол шинэчлэлийн нэг юм. Үнэ шилжилтийн зохицуулалт хэрэгжээд дөнгөж хоёр жил болж байгаа болохоор яваандаа илүү сайжрах байх.  “Mckenzie and Partners” ТМЗ компанийн тухайд үнэ шилжилтийн тайлан дээр маш туршлагатай баг бүрдүүлсэн. Энэ чиглэлээр олон улсын зөвлөхүүдтэй. Үндэс­тэн дамнасан уул уурхайн компа­ниудтай хамтран ажиллаж байна. 

2020 oны ААНОАТ-ын хуулийн шинэчлэлээр эрх борлуулсны болон эрхийн шимтгэлийн  татва­рууд­тай холбоотой нэлээд том өөрчлөлтүүд гар­сан. Энэ нь  ашиглалтын тусгай зөвшөөрлийг борлуулах, шилжүү­лэхтэй холбоотой. Өмнө нь, компанийн хувийг шилжүү­лэх байдлаар А тусгай зөвшөөрөлтэй компанийг шилжүүл­дэг байсныг болиулсан шүү дээ?
Эрх борлуулсны орлого дээр Татварын алба тусгайлсан аргачлалаар тооцдог болсон. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалын дагуу ААНОАТ-ын тухай хуулийн 30.2-т заасан эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогод албан татвар ногдуулах журам шинэчлэгдэн батлагдсан. Ингэснээр өмнө нь  А тусгай зөвшөөрөлтэй уул уурхайн компанийг анх оруулсан эзний өмчийн дүнгээр үнэлэн хувьцааг борлуулж шилжүүлдэг байдлыг зогсоосон.

А тусгай зөвшөөрөлтэй, ТЭЗҮ нь батлагдсан уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцохдоо өртөгт суурилсан арга, зах зээлд суурилсан арга, орлогод суурилсан аргуудаар тооцдог болсон. Жишээ нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компанийг бусдад шилжүүлэхдээ тухайн уурхайн батлагдсан ТЭЗҮ-ийн 10%-ийг  татварт төлөх шаардлага ч гарах боломжтой болсон. Дээр дурдсан аргуудаас журмын дагуу тооцож татвар ногдох орлогыг мөн   тооцдог болсон. Нэг талдаа энэ нь тусгай зөвшөөрлийн наймааг  хязгаарлаж  байгаа ч нөгөө талдаа татварын тооцооллыг хийхэд  бага зэрэг хүндрэлтэй.

Хялбараар тайлбарлавал А тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхдээ батлагдсан ТЭЗҮ-ийн  өнөөгийн  үнэ цэнийн аргачлалаар тооцож 20, 25 жилийн дараа тухайн компани ийм хэмжээний ашиг орлого олно гэдгийг тодорхойлон, тэндээс нь 10%-ийн татвар суутган авна.  Энэ утгаараа А  тусгай зөвшөөрөлтэй компанийн эцсийн өмчлөгч өөрчлөх, шилжүүлэхэд хүндрэлтэй  болсон гэж хэлж болно. 

Уурхайн хаалтын төслийн зардлын талаар Та ямар мэдээлэл өгөх вэ? 
Монголын уул уурхайн салбарт нэвтэрч байгаа шинэ ойлголт бол уурхайн хаалтын зардал. 

Австрали, Канад зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнуудын туршлагаас харахад хаалтын зардал нь ТЭЗҮ батлагдахад хамт батлагддаг, уурхайг нээсэн бол хаах нь зайлшгүй тул заавал тооцдог зардлын тооцоолол юм. Хаалтын зардлаа төлж дийлэхээргүй уурхайг анхнаас нь ашиглуулж эхлүүлдэггүй гэсэн утга санаа юм.  Уурхайн хаалтын зардлыг тооцоолохтой холбоотой Санхүүгийн тайлангийн олон улсын стандартууд (СТОУС) бий. Олон улсын тэргүүн туршлагаас жишээ татахад хаалтын зардалд 20 сая ам.доллар зарцуулагдахаар тооцогдлоо гэхэд тухайн хөрөнгийг жил бүрийн ашгаасаа хэрхэн хуримтлуулах вэ гэдгийг анхаарч, төлөвлөдөг. Хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудад энэ асуудлыг маш хялбараар шийдсэн байдаг юм билээ. Төлөвлөгөө гаргаад хамгийн ашигтай ажиллаж байгаа жилүүддээ ашгаасаа тодорхой хувийг хөрөнгө оруулалтын сан юм уу, банкинд хүүтэй байршуулдаг бөгөөд  энэ хөрөнгөө эргүүлээд  эдийн  засгийн эргэлтэд оруулдаг. Монгол Улсад хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй учраас  энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад эрсдэлтэй ч цаашид заавал анхаарч шийдэх асуудлууд байна. 

Монгол Улсын уул уурхайтай холбоотой хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль дүрэм журмуудад хаалтын зардлыг бүрэн хэмжээгээр тооцоолохыг шаардсан  тодорхой заалт байхгүй, зөвхөн тухайн уурхай эрхэлж буй аж ахуйн нэгжийн жилд хийхээр төлөвлөсөн байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилд  зарцуулагдах төсвийн 50%-ийг байршуулах байдлаар явж байна. Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарын яам,  уурхайн хаалтын зардлыг тооцох журмын төслийг Сангийн яам тус тус  боловсруулж байна. Монголын хөрсөн дээр буух хаалтын зардлын аргачлалыг тухайн компани хэрхэн тооцох вэ гэдэг дээр сайн анхаарч ажиллана гэж найдаж байна. Манай компани уурхайн хаалтын зардлын тооцоолол дээр нэлээд туршлагатай. Миний хувьд Их Британи улсад ажиллаж байхдаа уул уурхайн томоохон компанийн төслүүд дээр хаалтын зардлыг тооцоолж байсан. Англи улс нь мөн л санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг дагаж мөрддөг.

Мөн Канад улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлж буй “Монгол улсад Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруу­лах нь” /MERIT/ төсөл, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хариуцан хэрэг­жүүлж буй Салхитын уур­хайн хаалтын менежментийн төлөв­лөгөө боловсруулах жишиг төслийн уурхайн хаалтын зардал тооцоолол дээр манай компанийн баг ажиллаж байна. Тус уурхайн хаалтын зардлыг Монгол Улсын хууль тогтоомж болон Олон улсын шил­дэг туршлагыг хослуулан тоо­цоо­лох зорилготойгоор ажиллаж байна. 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх асуудал яригдаад удаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт болсон энэ хуульд татварын зохицуулалт хэрхэн тусгагдах шаардлагатай гэж мэр­гэжилтний хувьд үзэж байна вэ?
Монгол Улсын албан татварын хувь хэмжээнүүд бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага ч гэлээ улс төрийн тогтворгүй орчин, татварын хуулиудын ойл­гомж­гүй байдлууд зэргээс шалт­гаалан гадаадын хөрөнгө оруулагчдад төдийлөн таатай биш байдаг. Жишээ нь Төлөөний газрын журмаар бол Монголд Төлөөний  газраа нээгээд түүгээрээ дамжуулан үйл ажиллагаа эрхэлж байгаа гэж бодъё.  

Тухайн төлөөний газар нь ААНОАТ, НӨАТ, нийгмийн даатгал гэх мэт татвар, шимтгэлүүдээ улсад төлнө,  дээр нь толгой компани руугаа ашгаа шилжүүлэхэд оршин суугч бусын НӨАТ, суутганы татварууд нэмж  төлөх үүрэгтэй болсон. Тийм болохоор манай улсад ямар нэгэн Төлөөний  газар байгуулах нь ашиггүй гэж үздэг юм билээ.  Энэ тал дээр Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр ямар нэгэн тодорхой зүйл заалт оруулаасай гэж бодож байна.  

Ярилцлагын төгсгөлд, “Mckenzie and Partners” ТМЗ компанийн талаар товчхон танилцуулна уу?
“Mckenzie and Partners” ТМЗ компани нь 2019 онд байгуулагдсан. Миний хувьд Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч (ACCA ), Монголын мэргэшсэн нягтлан бодогч (CPA), Татварын мэргэшсэн зөвлөх (ТMЗ) гэсэн мэргэжлийн зэргүүдтэй Монголдоо болон гадаадад нийт 13 жил санхүүгийн салбарт, тэр дундаа уул уурхайн салбарт түлхүү ажилласан туршлагатай. Энэ компанийн  үүсгэн  байгуулагчдын нэг. Манай компани нь дэлхийн топ 8 аудит, санхүүгийн компанийн нэг Нексиа Интернейшнл-ийн Монгол дахь албан ёсны гишүүн фирм бөгөөд дэлхий даяар 120 гаруй салбар, 24 мянган ажилтан, 2000 гаруй партнертайгаар үйл ажиллагаа явуулж байна.    

Ярилцсан Танд баярлалаа.