Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс Австралийн нүүрсний импортод тавьсан бүх хоригоо цуцаллаа

Ч.Сансар

Хятад улс дотоодын бүх компаниуддаа Австралиас нүүрс импортлохыг зөвшөөрч байгаа нь 2020 оны сүүлээр тогтоосон худалдааны хязгаарлалт зогсож байгаагийн дохио юм.
 
Мөн далайн боомт, гаалийн албад Австралиас  ачаа тээвэр нэвтрүүлэхийг зөвшөөрч эхэлсэн байна. Энэ оны эхээр Хятадын эрх баригчид томоохон дөрвөн  импортлогч компанид Австралиас нүүрс худалдаж авах зөвшөөрөл олгосон.

Австралийн өндөр чанартай нүүрс Хятадын ган үйлдвэрлэгчид болон цахилгаан станцуудын дунд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Энэ сарын эхний хагаст импортын хэмжээ нэг сая тоннд хүрч магадгүй гэж Хятадын нүүрсний лобби бүлэглэл мэдэгдэв. Хятад бол дэлхийн хамгийн том нүүрсний үйлдвэрлэгч, хэрэглэгч бөгөөд өнгөрсөн онд импортолсон нүүрсний хэмжээ 290 сая тонн давжээ.

Yancoal Australia Ltd., New Hope Corp зэрэг Австралийн нүүрсний компаниудын  хувьцааны уналт энэ мэдээний дараа саарсан. Мөн Хятадын коксжих нүүрсний фьючерс гэрээний  үнэ буурсаар байна.

Хоёр улсын хооронд үүссэн улс төрийн хямралын улмаас албан бус хориг арга хэмжээ  хэрэгжүүлэхээс өмнө Хятад улс Австралийн нүүрсний гол хэрэглэгч байсан. Австралийн удирдагчид хоригийг цуцлах нь улс хоорондын харилцааг сэргээх гол алхам болно гэж мэдэгджээ.

Хоёр улсын харилцаа сайжирч байгаа нь хавч, үхрийн мах, арвай, дарс зэрэг албан бус хоригт өртсөн Австралийн бусад бүтээгдэхүүн экспортлогчдод таатай үйл явдал болж байна.

Австралийн хавч экспортлогчдод өмнө нь тулгарч байсан саад бэрхшээл эрс багассан гэж Австралийн Хөдөө аж ахуйн сайд Мюррей Ватт өнгөрсөн долоо хоногт Канберра хотод болсон бага хурлын үеэр мэдэгдэв. Мөн үхрийн мах, сүүн бүтээгдэхүүн экспортлогчдод тулгарч буй саад тотгор багасч  байгаа нь мэдрэгдэж  эхэлсэн гэж тэрбээр хэлэв.