Ч.Сансар
Лхагва гарагт дахин нэг банкны хямралын улмаас зах зээл тогтворгүй болж, түүхий нефтийн үнэ үргэлжлэн буурлаа.
WTI маркийн нефть 4.21%-иар буурч, 2021 оны 12 дугаар сараас хойш анх удаа нэг баррель 70 ам.доллараас доош унаж, 68.33 ам.долларт хүрлээ. Брент маркийн нефтийн үнэ 3.94%-иар буурч, 74.40 ам.долларт хүрлээ.
Credit Suisse банкны хамгийн том дэмжигч Саудын Үндэсний банк зохицуулалтын хязгаарлалтын улмаас банкинд дахин тусламж үзүүлэхгүй гэж мэдэгдсэн.
Саудын Арабын Үндэсний банк нь Credit Suisse-ийн 10%-ийг эзэмшдэг. Энэхүү мэдээ Credit Suisse банкны хувьцааны ханшийг улам унагаж, тус банкны зах зээлийн үнэлгээ нийт 25%-иар буурлаа.
Өмнө нь Silicon Valley Bank (SVB) дампуурч долоо хоногийн эхээр нефтийн үнэ улам доошилсон. SVB банк баасан гарагт гэнэт дампуурч, АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) арилжаагаа зогсоохоос өмнө хувьцааны ханш 60%-иар унасан. Лхагва гарагт тус банк тайлан балансаа засах, нэмэлт хөрөнгө босгох зорилгоор 2.25 тэрбум ам.долларын шинэ хувьцаа худалдана гэж мэдэгдэв. Пүрэв гаригт хувьцааны үнэ буурч, баасан гарагт АНУ-ын Хадгаламжийн Даатгалын Корпораци (FDIC) тус банкийг хяналтандаа авсан.
SVB болон Signature Bank-ийн уналт нь банкны хямрал санхүүгийн зах зээлд тархах вий гэсэн болгоомжлолыг төрүүлэв. Одоо WTI маркийн нефтийн үнэ долоо хоногийн дотор 10.3%-иар буурсан бол Brent-ийн үнэ мөн хугацаанд 9.8%-иар буурчээ.