Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ойрхи Дорнод ногоон устөрөгчийн зах зээлд ноёрхохыг эрмэлзэж байна

 Ч.Сансар


Ойрхи Дорнодын олон улс орон газрын тос, байгалийн хий олборлож, борлуулж байгаа ч тус бүс нутгийн хэд хэдэн улс сэргээгдэх эрчим хүчний салбарт их хэмжээний хөрөнгө оруулж байна. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) зэрэг олон орны хувьд газрын тос, байгалийн хий нь эдийн засгаа дэмжих, Үндэсний баялгийн сангаа арвижуулах орлогын гол эх үүсвэр хэвээр байна. Гэсэн хэдий ч улс орнууд газрын тос, байгалийн хийн орлогод байнга найдаж болохгүй гэдгийг бүс нутгийн удирдагчид сайн мэдэж байгаа бөгөөд эдийн засгаа төрөлжүүлж, газрын тосны бус салбараа өргөжүүлэхийг хичээж байна. Ойрхи Дорнод нь эрчим хүчний салбарт асар их туршлагатай бөгөөд ногоон устөрөгчөөс эхлээд салхи, нарны эрчим хүч зэрэг ногоон эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар гэж тооцогддог.

Ойрхи Дорнодын хэд хэдэн улс орон Парисын хэлэлцээрийн зорилтод хүрэхийн тулд нүүрстөрөгчийн хийг бууруулах амбицтай төлөвлөгөөгөө зарласан. 2019 оны үнэлгээгээр Ойрхи Дорнодын сэргээгдэх эрчим хүчний зах зээл 2019-2028 оны хооронд жилд 13.43%-иар өсөх төлөвтэй байна.

Ойрхи Дорнодын олон улс дэлхийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан газрын тос, байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ч ногоон эрчим хүчээ хөгжүүлэхийг зорьж байна. Ойрхи Дорнодын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 2010-2020 оны хооронд хоёр дахин нэмэгдэж, 40 ГВт болж, 2024 он гэхэд  мөн хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Тус бүс нутаг нь нарны эрчим хүчний арвин нөөцтэй бөгөөд Ойрхи Дорнод ойрын жилүүдэд хэд хэдэн нарны станц байгуулах гэж байна. Арван жилийн дараа тус бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нийт эрчим хүчний бараг 15%-ийг бүрдүүлнэ гэсэн тооцоо байна.

2021 оноос хойш Ойрхи Дорнодын ногоон устөрөгчийн зах зээл ихээхэн өсч байна. Судалгаа, технологид ихээхэн хөрөнгө оруулсаны үр дүнд Саудын Араб ногоон устөрөгчийн үйлдвэрлэлийн өртгийг бууруулж чадсан. Тус улс 1 кг ус төрөгчийн үнийг 1 долларт хүргэж, дэлхийн хамгийн хямд ногоон устөрөгч үйлдвэрлэгч болгохыг зорьж байна. Siemens тус бүс нутагт нийт 92 тэрбум ам.долларын өртөг бүхий ногоон устөрөгч үйлдвэрлэх 46 төслийг тодорхойлсон. Хөрөнгө оруулалт хийх хамгийн тохиромжтой улсуудын тоонд Арабын Нэгдсэн Эмират, Оман, Саудын Араб зэрэг ордог.

Саудын Араб NEOM хэмээх футурист аварга том хотыг байгуулах том амбицтай зорилго тавьсан. Уг мега төслийг хэрэгжүүлэхэд 80 тэрбум ам.доллар зарцуулж, Бельгийн газар нутагтай тэнцэх хэмжээний хот болгохыг зорьж байна.

Цэвэр эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөөнд ногоон устөрөгчөөс гадна сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрүүд багтана. АНЭУ 2050 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчнийг 75%-д хүргэхээр зорьж байна. Абу Даби хотод Аль Дафра нарны төсөл НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн XXVIII бага хурлаас өмнө ажиллаж эхлэх төлөвтэй байна. Уг нарны цахилгаан станц нь 2 ГВт-ын хүчин чадалтай, 160 мянган өрхийг цахилгаан эрчим хүчээр хангана. Эмират улсын төрийн өмчит TAQA болон Masdar компаниуд тус төслийн 60%-ийг, үлдсэн хувийг EDF Renewables болон China Jinko Power Technology нарын консорциум эзэмшдэг. Тус компаниуд төслийн хүрээнд 4000 ажлын байр бий болгохыг зорьж байна.

Саудын Араб 2030 он гэхэд эрчим хүчнийхээ 50%-ийг ногоон эх үүсвэрээс гаргах зорилт тавьжээ. Энэ зорилгод хүрэхийн тулд Эр-Рияд дахь 1500 МВт-ын хүчин чадалтай Sudair нарны цахилгаан станц, Манах хот дахь Манах I, II нарны цахилгаан станц зэрэг нарны эрчим хүчний төслүүдийг орон даяар хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Саудын Араб NEOM хэмээх футурист аварга том хотыг байгуулах том амбицтай зорилго тавьсан. Уг мега төслийг хэрэгжүүлэхэд 80 тэрбум ам.доллар зарцуулж, Бельгийн газар нутагтай тэнцэх хэмжээний хот  болгохыг зорьж байна. Автомашингүй, замгүй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй,  100% сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг футурист хот байгуулж, нийт газар нутгийн 95%-ийг ногоон байгууламж эзлэх төлөвлөгөөтэй. Төсөл хэрэгжих боломжтой эсэхэд мэргэжилтнүүд эргэлзэж байгаа ч хотын барилга, дэд бүтцийн ажил хэдийнэ эхэлжээ.

Ойрхи Дорнод нь газрын тос, байгалийн хийн салбараа тасралтгүй хөгжүүлж, бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчинд их хэмжээний хөрөнгө оруулсаны үр дүнд эрчим хүчний томоохон төв болно. Саудын Араб, АНЭУ  бүс нутгийн ногоон эрчим хүчний хувьсгалыг манлайлж, ногоон устөрөгч, нар, салхины эрчим хүч болон бусад шинэлэг ногоон технологи нэвтрүүлэх томоохон төлөвлөгөө хэрэгжүүлж эхлээд байна.