Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Төрийн өмчит компаниудын захирлуудын урамшуулал ба авлигын эрсдэл

З.Цэлмэг

The Mongolian Mining Journal  /Jan.2023/

Монгол Улсын Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд Авлигатай тэмцэх газраас нэгэн зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжийн утга нь, уул уурхайн төрийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг тооцох, урамшуулал олгох аргачлалдаа валютын болон олон улсын зах зээл дээрх түүхий эдийн ханшийн өөрчлөлтийг нэмж тооцдог болохыг анхааруулж. Зөвлөмжийн хувийг УУХҮЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-д мөн хүргүүлжээ.

Олон жилийн турш төрийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүн, цалин урамшууллыг тооцохдоо төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжийн орлогыг гол шалгуур болгосоор явжээ. Гэтэл энэ нь түүхий эдийн үнээс шууд хамаардаг уул уурхайн салбарын хувьд учир дутагдалтай байгааг Олон улсын авлигын өдрийг угтан АТГ-аас зохион байгуулсан “Уул уурхайн салбарын төрийн өмчит үйлдвэрийн газруудын гүйцэтгэх удирдлагын ёс зүй, үр дүнг тооцох нь” арга хэмжээний үеэр хөндөж ярилцсан юм. Тус хэлэлцүүлэгт УУХҮЯ, ТӨБЗГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет” ТӨХК, “Эрдэнэс Монгол” ХХК болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон юм

Хэлэлцүүлгээр уул уурхайн салбарын төрийн өмчит үйлдвэрийн газруудын гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүн, урамшууллын эрх зүйн орчин, дүрэм журамд өөрчлөлт оруулж дүгнэх шаардлага судалгаа шинжилгээний үндсэн дээр шинэчлэн гарч ирж байгаа тул үр дүнгийн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталж мөрдүүлэх, 2023 оноос шинэ арга барилаар гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэх, ажлын гүйцэтгэлийн хөндлөнгийн хяналтыг сайжруулах зэрэг олон асуудлыг хөндсөн ба дурдагдсан асуудлаар авлигын гэмт хэрэг, зөрчил үүсгэх нөхцөлийг бүрэн арилгуулахаар тэрхүү албан зөвлөмжийг хүргүүлсэн аж.

ТӨБЗГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн В.Дарханбаатарын өгсөн мэдээллээр төрийн өмчит хуулийн этгээдийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журамтай аж. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд нэмэлт гэрээ байгуулж болно” гэж заасныг мөрдөн ажилладаг аж. Гэрээг хоёр жилээр байгуулж, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны сүүлийн хоёр жилийн үзүүлэлт болон бусад шалгуур үзүүлэлтийг харгалзан дүгнэсээр иржээ.

дүгнэсээр иржээ. Гэтэл төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлдэг уул уурхайн салбар гадаад орчноос бүрэн хамааралтай. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох, тээврийн зардлыг бууруулах зэргээр уул уурхайн салбарын орлогын орц найрлагад ханшийн эрсдэлийг бууруулах зэрэг ажлыг хийнэ гээд олон жил болж байгаа. Гадаад зах зээл ивээвэл төрийн өмчит газруудын орлого өсөж, төсөвт төлдөг татвар хураамж нэмэгддэг. Харин “заяа нь хаябал” тэр хэрээр төсвийн орлого тасалдаж, тэрбум тэрбумаар хэмжигдэх алдагдалд ордог жамтай, бид. Гэхдээ түүхий эдийн орлого манайд валютаар орж ирдэг ч компанийн санхүүгийн тайлан тэнцэл, төсвийн үзүүлэлт дээр төгрөгийн ханшаар бичигддэг. Эдгээр өөрчлөлт нь, уул уурхайн голлох компаниудаар хэрхэн бууж байгааг харъя.

Монголын ОҮИТБС-ын нээлттэй эх сурвалжаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын сүүлийн 10 жилийн борлуулалтын үзүүлэлтийг харвал борлуулсан бүтээгдэхүүн болон орлогын (төгрөгөөр илэрхийлсэн) зөрүү жилээс жилд тэлж байна. 2012 онд 145.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байсан бол 2021 онд 2.8 их наяд төгрөг болж, улсын төсвийн 10.5%-ийг татвар, хураамж хэлбэрээр бүрдүүлж байна. Тус үйлдвэр 2016 онд Монголын талд ирснээс хойш борлуулалтын орлого нь тасралтгүй өссөөр буй. Гэхдээ 2019 онд 131.6 мян.тн бүтээгдэхүүн борлуулалттай байсныг эс тооцвол жилд дунджаар 520- 600 мян.тн бүтээгдэхүүн борлуулсаар иржээ. Харин энэ хугацаанд зэсийн ханш тогтвортой байсан удаагүй, мөн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2.4 дахин суларчээ. Ялангуяа, 2021 онд борлуулалтын орлого нь 2.86 их наяд төгрөгт хүрэхэд зэсийн ханшийн өсөлт ихээхэн нөлөөлжээ.

Төмрийн хүдэр, нүүрсний олборлолт явуулдаг компаниудын хувьд ч яг ийм чиг хандлага байгааг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар М.Мөнхболд хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй ч нүүрсний ам үнэ ба хил үнийн зөрүү борлуулалтын орлогод нөлөөлдгийг харж болно.

Ийнхүү компанийн борлуулалтын орлогын нэлээд хувийг түүхий эдийн болоод валютын ханшийн өсөлт эзэлж буй юм бол компанийн гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүн өсөлтийн хэчнээн хувийг тайлбарлаж байгаа вэ гэдэг асуулт гарч ирнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон ТӨБЗГ-т Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн компанийн захиралтай контракт гэрээ байгуулах, дүгнэх журмын дагуу гэрээнд заасан эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшний гүйцэтгэл, тайлангийн үр дүн ба хууль тогтоомжийн биелэлт болон салбарын яам, агентлагийн дүгнэлтийг үндэслэн урамшуулал олгодог аж. Энэ дагуу тухайлбал, ТӨБЗГ-ын 2020 оны тавдугаар сард гарсан тогтоолуудаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2017-2018 оны үйл ажиллагааны үр дүнг тооцож нийт 1.2 тэрбум, “Монголросцветмет” ТӨХК-ийн захирлын 2019 оны үйл ажиллагааны үр дүнгийн урамшуулалд 31.8 сая төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Уул уурхайн төрийн өмчит компанийн удирдлагуудын цалин урамшууллын хэмжээ ингэж хэдэн зуун сая, тэрбумаар хэмжигдэж буй учраас үүний цаана албан тушаалын наймаа, бодит бус үнэлгээ амь бөхтэй оршиж, авлигын шалтгаан нөхцөл болох эрсдэл өндөр гэж үздэг аж. Тиймээс цаашид компанийн зардлыг багасгах арга хэмжээ, ажлын байр нэмэгдүүлсэн эсэх, шударга ил тод байдлыг хангасан эсэх, бодит бүтээмжийг үнэлэх зэрэг үзүүлэлтийг шалгуур үзүүлэлтэд оруулахыг анхааруулжээ. Төрийн нийтийн баялгийг удирдаж буйн хувьд уул уурхайн төрийн өмчит компаниуд ил тод байдлаараа үлгэр жишээ байх ёстой. Өнөөдөр төрийн өмчит 105, орон нутгийн өмчит 267, улсын төсөвт 65 аж ахуйн нэгж байдаг хэдий ч эдийн засгийн ач тусыг нь ашгаар биш алдагдлаар ярьдаг.

Харин ашигтай ажилладаг гэх хэдхэн том уул уурхайн компаниа ЗГХЭГ, Сангийн яам, ТӨБЗГ удирддаг. Харамсалтай нь, тэдгээр компани шилэн биш харин чулуун хананы цаадах цайз мэт хаалттай орчин. Түүнийхээ горыг амсаж, олон их наядаар хэмжигдэх нүүрсний хулгайгаа дэлхийд зарлаж байна. Муу нэрийг хусаж арилгах ганц арга байгаа нь ил тод байдал. Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалин урамшууллын талаар бүх төрийн мэдээллийг мэдээлэл хариуцагчид ил тод болгох ёстой. Энэ заалт тухайн төрийн өмчит аж ахуйн нэгж мөн үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг төрийн байгууллагуудын аль алинд нь үйлчилнэ гэсэн үг. Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааны бүхий л цар хүрээ, хүний нөөц, шийдвэр гаргах бүтэцтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг ил тод болгож байж муу нэр арилна.