Ч.Сансар
Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (ТАБНУ) дахь БНХАУ-ын Элчин сайдын яам нийслэл Бангуй хотоос гадна байрладаг алтны уурхайд зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртөн есөн хятад иргэн амиа алдсаны дараа иргэддээ хандан нийслэл Бангуй хотоос гадагш зорчихгүй байхыг уриалав.
Элчин сайдын яамнаас ням гарагт хийсэн мэдэгдэлдээ тус бүс нутагт уурхайн гадаад ажилчдын аюулгүй байдалд заналхийлсэн олон хэрэг гарсан бөгөөд Бангуй хотын гадна байгаа хятад иргэдийг нэн даруй аюулгүй бүс рүү нүүхийг хүссэн байна.
Бамбари хотоос 25 км-ийн зайд орших Gold Coast группын уурхай руу зэвсэглэсэн этгээдүүд халдаж, Хятадын есөн иргэнийг хөнөөж, хоёр хүнийг шархдуулсан гэж хотын дарга Ройтерс агентлагт уламжилжээ. Тэрээр хэлэхдээ, халдлага үйлдсэн этгээдүүд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Фаустин-Арчанж Туадераг эсэргүүцэх зорилгоор байгуулагдсан босогчдын Өөрчлөлтийн төлөөх эх орончдын эвсэл (ӨТЭОЭ)-ээс байсан гэж таамаглаж байна.
Тус эвсэл хүн амины хэрэгт хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдэж, халдлагыг зэмлэн буруушаажээ. Зэвсэгт бүлэглэлүүд ТАБНУ-ын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг хянаж, энгийн иргэдийн эсрэг байнга хүчирхийлэл үйлддэг. Тус улсад 1960 онд тусгаар тогтнолоо олж авснаасаа хойш тогтвортой байдал маш ховор байсан билээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэмт хэрэгтнүүдийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг уриалж, Хятадын иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж Хятадын ГХЯ даваа гарагт мэдэгджээ.
БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Хятадын байгууллага, иргэдийг Бангуй хотоос гадагш зорчихгүй байх, яаралтай тохиолдолд ЭСЯ-тай холбогдож консулын хамгаалалт авахыг анхаарууллаа. ТАБНУ-ын нийслэлээс бусад бүс нутагт аюулгүй байдлын түвшин "улаан" буюу маш өндөр байсан гэж Хятадын Гадаад хэргийн яам нэмж хэлэв.
Тус яам бусад Засгийн газартай хамтран ажиллаж, Хятадын Элчин Сайдын Яам, Консулын газруудыг удирдан чиглүүлж, Африк дахь Хятадын иргэд, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамгаалахын тулд цаашид нэмэлт арга хэмжээ авах болно гэжээ.
Сүүлийн саруудад хилийн чанадад байгаа хятад иргэд рүү хэд хэдэн халдлага гарсан тул Элчин сайдын яамдууд аюулгүй байдлын сэрэмжлүүлэг, анхааруулга өгч, хятад иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулжээ.