Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ирэх онд нүүрсний хэрэглээ дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна 

Ч.Сансар

Дэлхийн эдийн засгийн өсөлт, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр улс орнуудын баримталж буй стратегийн бодлого  илүү цэвэр эрчим хүч рүү чиглэж байна. Гэвч  ирэх жил  дэлхийн нүүрсний хэрэглээ дээд цэгтээ хүрнэ. Харин гарч ирэх гэнэтийн  хэд хэдэн нөхцөл байдлын улмаас   дэлхийн улс орнууд  чулуужсан түлшийг хэр удаан ашиглах нь нөлөөлж  магадгүй гэж BloombergNEF мэдээлэв.

Хятад, Энэтхэг нар, эрчим хүчний хомсдолтой тулгарсан бол  европчууд Оросын байгалийн хийг орлох эрчим хүчний өөр эх үүсвэр эрэлхийлэх болсноор   сүүлийн хоёр жил нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэн. BloombergNEF нь 2050 он гэхэд  түүхий нүүрсний утааг бууруулах хоёр хувилбарыг боловсруулсан байна. Эхнийх нь  цэвэр эдийн засгийн хувилбар, нөгөө нь бодлогын чанартай хувилбар. Аль аль хувилбар нь эрэлттэй ч  ирэх жил хамгийн дээд түвшинд хүрч, дараа нь буурна гэсэн  таамаглал дэвшүүлж байна.
 

Дээрх  хувилбаруудын дагуу чулуужсан түлшний хэрэглээнд нөлөөлж болохуйц хэд хэдэн  хүчин зүйл байна. Үүнд эрчим хүчний эрэлт таамаглаж байснаас илүү нэмэгдэх, уул уурхайн  салбарынхны ажлын байраа алдахыг эсэргүүцсэн иргэдийн бухимдал, уул уурхайн бизнесүүдийн лобби бүлгүүдийн үйл ажиллагаа багтах юм. Мөн Хятадын цэвэр эрчим хүчний бодлого, түүнчлэн ядуу буурай орнуудад цэвэр эрчим хүчний систем рүү шилжихэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, үнэ ханш зэрэг багтаж байна.

BloombergNEF-ийн үзэж байгаагаар нүүрсний хэрэглээ энэ зууны дунд үе хүртэл үргэлжилсээр байх болно. Нүүрсний эрэлт хэрэгцээ 2024 оны оргил үеэсээ 70 орчим хувиар буурч, жилд 1.5 тэрбум тонн болно. Тиймээс эрчим хүчний үйлдвэрүүдийг утаа шүүх системээр тоноглох хэрэгцээ үүснэ. Энэ нь асар их хөрөнгө оруулалт шаардагдах юм.

Хятад, Энэтхэг нар эрчим хүчний хомсдолын асуудлуудыг шийдэхийн тулд нүүрсний олборлолтоо нэмэгдүүлж, улмаар сүүлийн хоёр жил үйлдвэрлэл нь эрэлтээсээ даваад байна. Уг тайланд тээвэр ложистикийн асуудал тэр дундаа далайн тээвэрлэлт хийж буй   эрчим хүчний нүүрсэнд тулгарч буй сорилтуудыг онцолсон байна. Хятад, Энэтхэгт дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж байхад Австрали, АНУ зэрэг экспортлогч орнуудын уурхайчид хөрөнгө оруулалтаа бууруулжээ. Хэрвээ импортлогч орнуудын эрэлт өсвөл нийлүүлэлт хомсдох байдал үүсэж болзошгүй.
"Далайн тээврийн компаниудын  эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт гацвал нүүрсний үнэ өсөж, импортлогч орнууд эрчим хүчний зах зээл дээр өрсөлдөх чадвараа алдаж, улмаар дэлхийн хэмжээнд нүүрсний хэрэглээ огцом буурна" гэж BloombergNEF тайланд дурджээ.