Ч.Сансар
Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-ийн мэдээлснээр 2022 оны эцэст дэлхийн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 295 ГВт буюу 9.6%-иар өсөж, 3,372 гигаватт (ГВт) болсон.
Өнгөрсөн жил нэмэгдсэн нийт эрчим хүчний 83%-ийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. IRENA-аас гаргасан Сэргээгдэх эрчим хүчний 2023 оны статистик тоо баримтаас харахад олон улсын харилцааны тодорхойгүй байдлаас үл хамааран сэргээгдэх эрчим хүч түүхэн дээд хэмжээнд хүртэл өссөн нь чулуужсан түлшний хэрэглээ буурах хандлагыг үзүүлж байна.
IRENA-ийн ерөнхий захирал Франческо Ла Камера: “Энэхүү өсөлт нь эрчим хүчний хямралтай өнөө үед сэргээгдэх эрчим хүч тогтвортой хөгжиж байгааг харуулж байна. Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь жилээс жилд нэмэгдэж байна. Гэхдээ бид дэлхийн дулаарлыг 1.50С-аар хязгаарлахыг зорьж байгаа ба 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний өсөлтийг одоогийнхоос гурав дахин нэмэгдүүлэх ёстой.” гэж хэллээ.
Олон улс орон 2022 онд сэргээгдэх эрчим хүчээ нэмэгдүүлсэн. Гэхдээ гол өсөлт нь Ази, АНУ, Европт төвлөрсөн. IRENA-гийн мэдээлснээр 2022 онд нэмэгдсэн сэргээгдэх эрчим хүчний бараг тал хувь нь Ази тивд ноогдож, нийт хүчин чадал нь 1.63 тераватт (ТВт) хүрсэн. Хятад улс 141 ГВт сэргээгдэх эрчим хүчээ нэмж, хамгийн том хувь нэмэр орууллаа.
Европ болон Хойд Америкт сэргээгдэх эрчим хүч 57.3 ГВт болон 29.1 ГВт-аар тус тус өссөн байна. Африкт 2.7 ГВт-аар өссөн нь 2021 онтой харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлт юм. Номхон далайн арлууд хүчин чадлаа 5.2 ГВт-аар нэмэгдүүлж, хоёр оронтой тоон өсөлт нь үргэлжилсээр байна. Өмнөд Америк 18.2 ГВт-аар хүчин чадлаа нэмсэн. Ойрхи Дорнодод сэргээгдэх эрчим хүч 12.8%-иар буюу 3.2 ГВт-аар нэмэгдэж, хамгийн өндөр өсөлт үзүүллээ.
Хэдийгээр усны эрчим хүч (1250 ГВт) дэлхийн нийт сэргээгдэх эрчим хүчний дийлэнх хувийг эзэлдэг ч шинээр нэмэгдэж буй сэргээгдэх эрчим хүчинд нар, салхи давамгайлсан хэвээр байна. Энэ хоёр технологи нийлээд 2022 онд нэмэгдсэн бүх шинэ сэргээгдэх хүчин чадлын 90%-ийг эзэлжээ. Нарны эрчим хүч 22%-иар (191 ГВт), салхины эрчим хүч 9%-иар (75 ГВт) хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна.