Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Герман улс Европын Холбоотой цаашид шаталтын хөдөлгүүр ашиглах талаар тохиролцоонд хүрэв

Ч.Сансар

ФРАНКФУРТ/БРЮССЕЛЬ, 3 дугаар сарын 25 (Ройтерс) - Европын холбоо болон Герман улс дотоод шаталтын хөдөлгүүрийг цаашид ашиглах талаар тохиролцоонд хүрсэн гэж албаны хүмүүс бямба гарагт мэдэгдэв.

Энэхүү тохиролцооны хүрээнд зарим дотоод шаталтын хөдөлгүүрийг 2035 оноос хойш ашиглахыг зөвшөөрсөн юм. Харин  уг шийдвэрийг байгаль орчны бүлгүүд нэн даруй шүүмжиллээ.

Европын холбооны хамгийн том эдийн засагтай Герман улс 2035 он гэхэд CO2 ялгаруулдаг автомашинаас аажмаар татгалзах талаар Европын холбоотой санал зөрөлдөж байсан ч  сүүлийн өдрүүдэд хоёр талын удирдагчид шийдэл ойрхон байгааг мэдэгдэв.

Мөн Герман улс e-түлшээр (e-fuels) ажилладаг  дотоод шаталтын хөдөлгүүртэй  машинуудыг  2035 оноос хойш зах зээлд нийлүүлэхэх  баталгаа  хүслээ. Европын холбооны цаг уурын бодлого хариуцсан захирал  Франс Тиммерманс "Бид Германтай ирээдүйд автомашинд e-түлш хэрэглэх талаар тохиролцоонд хүрсэн" гэж твиттер хуудсандаа бичжээ.

ХБНГУ-ын Тээврийн сайд Фолькер Виссинг "Дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинууд CO2 ялгаруулдаггүй түлшээр ажилладаг бол 2035 оноос хойш шинээр бүртгүүлэх боломжтой" гэж тэр  Twitter хуудсандаа мөн бичжээ.

Түүнчлэн Европын холбооны төлөөлөл даваа гарагт санал хураалт явуулж, 2035 он гэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинуудыг үе шаттай  халах тухай хуулийг албан ёсоор батлана гэж Европын холбооны ээлжит тэргүүн Швед улс мэдэгдсэн байна.

Грийнпис бүлгийн Бенжамин Стефан энэ тохиролцоог байгаль орчныг хамгаалах ажлаас ухралт хийсэн үйлдэл гэж мэдэгдсэн байна. "Энэхүү зөвшилцөл тээврийн салбар дахь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад саад болж, Европын хотуудын хүрээлэн буй орчинд ихээхэн  хохирол учруулж байна. Энэ нь өндөр үр ашигтай цахилгаан хөдөлгүүрийн хөгжлийг сааруулж, олон нийтийн  анхаарлыг сулруулж байна" гэж хэлэв.