Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ, Япон  чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

Ч.Сансар


АНУ, Япон нар батарейн үйлдвэрлэлд ашигладаг чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ нь Хятадаас цахилгаан автомашины салбарын нийлүүлэлтийн сүлжээг салгах гэсэн оролдлого юм.
 
”Wall Street Journal” сэтгүүлийн мэдээлснээр уг гэрээний дагуу Япон, АНУ  хамтран чухал ашигт малтмалыг экспортын татвараас чөлөөлөх, мөн уул уурхайн салбарт хоёр орны хөдөлмөрийн стандартуудыг хооронд нь уялдуулан зохицуулах юм байна.

Ингэснээр Америкийн Инфляцийг бууруулах тухай хуулийн дагуу санхүүжилт авсан төслүүдэд Япон улс оролцож, ашигт малтмал нийлүүлэх эрхтэй болно.

Энэхүү тохиролцоо нь хоёр улсын хооронд 2019 онд байгуулсан худалдааны гэрээний дараах нэмэлт гэрээ юм. Өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл уг гэрээг хоёр жилд нэг удаа шинэчилнэ.

Инфляцийг бууруулах тухай хууль нь АНУ-ын Засгийн газраас эрчим хүчний шилжилтийг санхүүжүүлэх хамгийн амбицтай хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төслүүдийн нийт санхүүжилт 369 тэрбум ам. доллар бөгөөд бизнес эрхлэгчдийн дунд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин ашиглах сонирхол нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Харин эдгээр төслүүд "АНУ-д үйлдвэрлэсэн" гэсэн шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд цахилгаан машин болон цахилгаан батарей үйлдвэрлэхэд ашигладаг ашигт малтмал бас орно. Автомашин үйлдвэрлэгч нь Засгийн газрын 7.500 долларын татварын хөнгөлөлт  эдлэхийн тулд машины батарейнд ашигласан металл, эрдэс бодисын талаас дээш хувийг АНУ-аас эсвэл АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан улсаас авсан болохыг нотлох ёстой.

Машин үйлдвэрлэгчдийн хувьд уг нөхцөлийг хангахад маш хэцүү. Bloomberg-ийн мэдээлснээр автомашин үйлдвэрлэгчид нэг талаас үйлдвэрлэлийн зардлаа өсгөхгүй, машины үнийг хямд байлгахыг хичээж, нөгөө талаас хуулиа зөрчихгүй байх арга замыг хайж байна.

Чухам энэ тал дээр Японтой байгуулсан гэрээнүүд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тус улсын чухал ашигт малтмал боловсруулах салбар өндөр хөгжсөн.  Энэ нь АНУ-д эрчим хүчний шилжилтийг гүйцэтгэхэд шаардлагатай материал хангамжийн сүлжээг шинээр байгуулахад туслах юм.