Ч.Сансар
Хятад улс шингэрүүлсэн хийн арилжааг анх удаа юаниар гүйцэтгэлээ гэж Шанхайн Газрын тос, байгалийн хийн бирж мягмар гарагт мэдэгдэв.
Хятадын төрийн мэдлийн газрын тос, байгалийн хийн CNOOC болон Францын TotalEnergies компаниуд бирж дээр шингэрүүлсэн байгалийн хийн худалдааны төлбөр тооцоог анх удаа Хятадын юаниар хийлээ гэж тус биржээс Ройтерс агентлагт дамжууллаа.
Арабын Нэгдсэн Эмират улсаас (АНЭУ) импортолсон 65,000 орчим тонн шингэрүүлсэн хийг тус бирж дээр борлуулсан гэж Шанхайн газрын тос, байгалийн хийн бирж мэдээллээ.
Хятад улс дэлхийн зах зээл дээр өөрийн мөнгөн тэмдэгтийн хэрэглээг нэмэгдүүлж, олон улсын худалдаа, ялангуяа эрчим хүчний худалдаанд ам.долларын ноёрхлыг сулруулах зорилгоор юаниар худалдааны гэрээ байгуулахыг олон жилийн турш дэмжиж ирсэн.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12 дугаар сард Эр-Риядад айлчлах үед Хятад болон Персийн булангийн орнууд Шанхайн газрын тос, байгалийн хийн биржээр газрын тос, байгалийн хийг худалдаж, төлбөр тооцоонд юань ашиглах хэрэгтэй гэж хэлсэн.
“Хятад Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудаас их хэмжээний түүхий тос, шингэрүүлсэн байгалийн хий импортлох, газрын тос, байгалийн хийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, Шанхайн биржээр газрын тос, байгалийн хийн худалдааг юаниар гүйцэтгэхэд бүрэн дэмжлэг үзүүлнэ” гэж Ши Жиньпин өнгөрсөн 12 дугаар сард мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулав.
Хятадын юань дэлхийн худалдаанд нэвтэрч байгаа ч зах зээлийн дөнгөж 2.7%-ийг эзэлдэг бол америк доллар 41%-ийг эзэлж байна.