Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Перугийн Ла Гранжа зэсийн ордыг Рио Тинто, First Quantum компаниуд хамтран эзэмшинэ

Ч.Сансар

Рио Тинто компани Перугийн Ла Гранжа зэсийн ордын бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилгоор “First Quantum Minerals” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаа зарлалаа.

Ла Гранжа бол Перугийн хойд хэсгийн Кажамарка мужид оршдог хүдрийн биет бүхий цогц орд юм. Урьдчилсан таамагласнаар Ла Гранжа орд 4,32 тэрбум тонн зэсийн нөөцтэй бөгөөд хүдэр дэх зэсийн агуулга нь 0.51% байна. First Quantum нь уг төслийн 55%-ийг 105 сая доллараар худалдаж авах бөгөөд цаашид хамтарсан үйлдвэрт 546 сая ам.долларын хөрөнгө оруулна. Тус компани санхүүгийн бүх тооцоогоо 2023 оны 3 дугаар улирлын эцэс гэхэд дуусгах төлөвтэй байна.

Рио Тинто 2006 онд Перугийн Засгийн газраас Ла Гранжа зэсийн уурхайг худалдан авчээ. Рио өрөмдлөгийн ажлаа эхэлсний үр дүнд таамагласан нөөцийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд орон нутгийн иргэдийн дэмжлэг авч төрийн байгууллагуудтай түншлэлийн гэрээ байгуулжээ. Перу улс нь дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч ба Ла Гранжа орд одоогоор дэлхийн дөрөв дэх зэсийн том төсөл болох юм.

“Ла Гранжа бол сонирхолтой боловч нарийн төвөгтэй төсөл бөгөөд эрчим хүчний шилжилтэд шаардлагатай зэс нийлүүлэх томоохон шинэ эх үүсвэр болох боломжтой” гэж Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд мэдэгджээ.

Туркойз Хилл Ресурсыг худалдан авч, Монголын Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлсний дараа Ла Гранжа ордын бүтээн байгуулалт нь Рио Тинтогийн зэсийн салбарт өрсөлдөх бизнесийг улам бэхжүлнэ гэж Б.Болд нэмж хэлэв.