Ч.Сансар
АНУ-д өнгөрсөн жил нүүрснээс илүү сэргээгдэх эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлэжээ. “Статиста” компанийн мэдээлснээр, 2022 онд АНУ-д сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс 900 гаруй тераватт-цаг цахилгаан үйлдвэрлэсэн бол нүүрсний станцууд 800 гаруй тераватт-цаг байжээ.
Дэлхийн хэмжээнд жил ирэх бүр энэхүү харьцаанд өөрчлөлт ажиглагдаж байна. 2027 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхээс давах төлөвтэй байна.
2007 он хүртэл АНУ-д нүүрсний станцууд 2000 гаруй тераватт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг байсан. 2007 оноос хойш нүүрстөрөгч болон хорт бодисын ялгаруулалтыг хязгаарласан хууль журмуудыг чангатгаснаар энэ үзүүлэлт буурч эхэлсэн аж. Харин байгалийн хий CO2 бага ялгаруулдаг тул байгалийн хийгээр цахилгаан үйлдвэрлэх нь нэмэгджээ.
Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэхийн тулд АНУ нар, салхи зэрэг нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэрүүдийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхийг зорьж байна. Эдгээр эрчим хүчний эх үүсвэрүүдийн тоо шинэ зуунд тогтвортой өсч байгаа бөгөөд АНУ-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн хоёр дахь том эх үүсвэр болоод байна.
Гэсэн хэдий ч 2022 онд АНУ-ын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн бараг 40%-ийг байгалийн хий бүрдүүлсэн бол сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь дөнгөж 20%-иас давсан аж. Энэ үзүүлэлт нь нүүрс, цөмийн эрчим хүчний салбарын үзүүлэлттэй тун ойролцоо бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх ажил маш их шаардлагатайг харуулж байна.
Зөвхөн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээг бүхэлд нь авч үзвэл байдал өөр байна. Энэ нөхцөлд сэргээгдэх эрчим хүч ердөө 12%-ийг л эзэлнэ. Учир нь газрын тос зэрэг бусад эрчим хүчний эх үүсвэрүүд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд илүү их хувийг эзэлдэг.