Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Т.БАТТУЛГА: Барилга, дэд бүтцийн салбарт өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд өчигдөр хөрс суурийг бэлтгэсэн байх ёстой

“Build Mongolia 2023” үзэсгэлэнд зочлох барилга, дэд бүтцийн салбарынхны хувьд олон төрлийн бүтээгдэхүүнтэй нэг дор танилцаж, ханган нийлүүлэгчдийг таних хамгийн таатай орчин хэмээн тус үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолсон юм. Энэ талаар үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.

Д.Оюунчимэг

“Build Mongolia” үзэсгэлэн гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог?

Бид бүтээн байгуулалтын салбаруудыг нэг дээвэр дор нэгтгэх зорилготой үзэсгэлэнгийн брэндийг гурван жилийн өмнөөс эхлүүлсэн. Бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай хүнд үйлдвэрийн салбар оролцдог. Энэ салбаруудын хамтын ажиллагааны үр дүнд томоохон бүтээн байгуулалт, барилга байгууламж бий болдог. Нөгөө талаар, эдгээр салбаруудад хэрэглэгддэг материал, техник, тоног төхөөрөмж адил, зах зээл, худалдан авалтын тогтолцоо ч ижил учраас “Build Mongolia” хэмээх нэг дээвэр дор нэгтгэх нь оролцогчдын хувьд үр дүнтэй. Худалдан авагчийн хувьд ч цаг хугацаа хэмнэж, орон зайг товчлох боломжийг бүрдүүлдэг.

Энэ жил бид Build Mongolia үзэсгэлэнгийн гурав дахь дугаарыг зохион байгуулах гэж байна. Эхний жил үзэсгэлэнгийнхээ онцлог, зорилтыг танилцуулахад анхаарал хандуулсан. Өнгөрсөн жил болсон хоёр дахь үзэсгэлэндээ хамрах хүрээг нэмэгдүүлж, гадаадын компаниудыг оролцуулж олон улсын арга хэмжээ болгон өргөжүүлсэн. Хоёр дахь үзэсгэлэн барилга, дэд бүтцийн салбарт урьд өмнө болж байгаагүй өндөр түвшний үзэсгэлэн болж, оролцсон компаниудын таашаалд туйлын их нийцсэн арга хэмжээ болсон.

Өнөө жилийн хувьд дэлхий нийтээр ковидын үеийн хаалттай байдал, хөрш зэргэлдээ улс оронд болж байгаа геополитикийн нөхцөл байдлаас үүссэн тээвэр, ложистикийн бэрхшээл, эдийн засгийн агшилтыг даван туулж байгаа сэргэлтийн үед болж байна. Бүтээн байгуулалтын салбарт асар их хүндрэл үүсч, барилга, дэд бүтцийн ажлууд их хэмжээгээр саатсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.

Харин одоо бол зах зээл дээр хураагдаж хуримтлагдаж байсан их “эрчим хүч” тэсэрч, богино хугацаанд томоохон сэргэлт гарах нөхцөл боломж бүрдэж байна. Зах зээлийн энэхүү таатай үед Build Mongolia 2023 зохион байгуулагдаж байна, оролцох хүсэлт, эрэлт их өндөр байна. Гадаад, дотоодын бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагааг сэргээх, оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Зах зээл дээр бас шинэ оролцогчид гарч ирсэн нь анзаарагдаж байна. Шинэ, хуучин хэнд ч бай бизнесээ өргөжүүлэх, хамтын ажиллагааг сэргээх, шинэ харилцаа тогтооход нь манай үзэсгэлэн хамгийн чухал гүүр нь байх учиртай.

Энэ удаагийн үзэсгэлэнд гадаад, дотоодын хэчнээн аж ахуйн нэгж оролцох вэ?

Манай үзэсгэлэнд барилга, эрчим хүчний салбарт техник, технологи, бүтээгдэхүүн, материал, түүхий эд нийлүүлдэг газрууд оролцдог. Нийтдээ 80 гаруй аж ахуйн нэгж оролцоно, түүнээс гадаадын 10-аад орны 30 гаруй компани оролцохоор бүртгэгдсэн. Барилга, эрчим хүчний угсралт, бүтээн байгуулалтын компаниудын хувьд энэ удаан хугацааны гацааны дараа салбарт шинээр юу бий болов, ямар боломж байна гэдгийг олж мэдэх хамгийн чухал орчин нь манай үзэсгэлэн юм.

Гадаадын үзэсгэлэн гаргагчдын хувьд манай улсад хараахан нэвтрээгүй технологи, бүтээгдэхүүний брэндийг авчирч танилцуулдаг. Зах зээл дээр бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна Монголд төлөөлж ажиллах түншээ олж авдаг. Бидэнд шинэ шинэ боломж авчирч санал болгодог нь олон улсын чанартай үзэсгэлэнгийн бас нэг давуу тал юм.

Манай улсад үзэсгэлэн, хурал зөвлөгөөн чамгүй зохион байгуу[1]лагддаг. Гэхдээ ямар үр дүн гарсан бэ гэдгийг илэрхийлэх аргагүй. Дийлэнхдээ цаасан дээр буугаад үлдэж байна гэж шүүмжлүүлдэг. Зүй нь эдийн засагт тодорхой үр дүн, өгөөжтэй байх учиртай. Тэгэхээр энэ үзэсгэлэнгийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг Та хэрхэн харж байна вэ?

Хурал, үзэсгэлэн гэдэг хоёр өөр ухагдахуун. Зорилго нь ч өөр, агуулга нь ч өөр, бизнес, эдийн засагт үзүүлэх нөлөөгөөрөө ч ялгаатай. Төрөл бүрийн хурал, семинар, эдийн засгийн чуулганууд макро эдийн засгийн асуудал дээр төвлөрдөг. Улс орны эдийн засгийн хэмжээний эсвэл салбар бүрийн хурал чуулгануудыг гол төлөв төрийн байгууллагууд зохион байгуулдаг тэр олон хурал зөвлөгөөний үр дүн гол төлөв цаасан дээр буугаад үлддэг нь үнэн.

Харин үзэсгэлэн бол микро түвшинд бизнесийн байгууллагыг хооронд нь холбох бизнесийн амьд харилцааны арга хэмжээ. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны байнгын зорилго бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ, яаж сайн харилцагчтай болох вэ, үнэ болоод чанарын давуу талтай бараа материал, техник технологийг хаанаас олж авах вэ гэсэн асуултуудад үзэсгэлэн хариулт өгдөг. Бизнесийн салбар бүрт нийлүүлэгч, худалдан авагч хоёрыг холбох гүүр болдог. Маш олон ажлыг зэрэг амжуулах цаг хугацаа, орон зай, санхүүгээ хэмнэх боломжийг олгодог.

Тийм учраас, бид Монгол Улсын эдийн засгийн голлох салбар бүрийн бизнесийн хамтын ажиллагааг дэмжих замаар эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой ажилладаг.

Барилга, бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт чамгүй шаарддаг. Гэхдээ хөрөнгийн эргэлт нь худалдаа, үйлчилгээ зэрэг салбаруудтай харьцуулахад удаан байдаг шүү дээ. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчид манай улсын барилга, бүтээн байгуулалтын салбарыг хэр сонирхдог бол?

Үзэсгэлэнгийн тухай ярьж байгаа учраас үзэсгэлэнд оролцогчдын тухайд тодотгож хэлэхэд тэд хөрөнгө оруулалт хийх гэж биш, Монголын барилга эрчим хүчний салбарт техник, технологи нийлүүлэх гэж ирдэг. Хөрөнгө оруулалт бол огт тусдаа асуудал. Барилгын салбарын стандарт олон улсын түвшинд хүрээгүй, бизнесийн үйл ажиллагаа санхүүгийн эргэлтээр биш бартерын тогтолцоотой барилгын салбарт гадаадынхан хөрөнгө оруулалт хийх сонирхол байхгүй дээ.

Гадаадын хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийж, зам тээврийн сүлжээ, эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлэх нь манай төрийн бодлогын чухал зорилт байх ёстой. Гэвч манай төр засаг аман дээрээ хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдэг боловч ачир дээрээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Төрийн бодлого нь тогтворгүй, авлига хээл хахуульд идэгдсэн, тээвэр ложистикийн систем нь төрийн эрх мэдэлтний хүнд сурталд автсан зэрэг шалтгаан хөрөнгө оруулагчдыг үргээж байна.

Монгол Улсын эдийн засгийн суурь бүтэц тэр дундаа газар, эрчим хүчний систем тэр чигээрээ төрийн мэдэлд, төрөөс үнэ тарифийг тогтоодог хуучин эдийн засгийн тогтолцоо хэвээр байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчид энэ салбаруудад хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нь бууруулдаг. Хэн хөрөнгөө оруулчихаад төрийн зааж өгсөн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж, үр ашигтай ажиллана гэж итгэх вэ. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийгдэхийн тулд энэ салбаруудыг либералчилсан, хөрөнгө оруулалтын хөрс суурийг нь бэлтгэх хэрэгтэй.

Гэхдээ ирээдүйг хүлээж суугаад ажил хийхгүй байж болохгүй. Монголын барилгын компаниуд өндөр түвшинд барилга барьж чаддаг болсон байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өөрсдөө гүйцэтгэх чадавхитай болсон. Тэдэнд эрүүл шударга бизнесийн орчин, харилцан үр ашигтай хамтын ажиллагаа, сайн технологи хэрэгтэй. Эдгээрийг бий болгоход хийж чадах зүйлээ жишээлбэл бид энэ үзэсгэлэнгээрээ дамжуулж хийгээд явж байна. Build Mongola үзэсгэлэн маань “Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая” уриатай.