Ч.Сансар
Хятад улс 2025 он гэхэд 50 гигаватт (ГВт) орчим эрчим хүчний хуримтлал үүсгэх төлөвтэй байна.
Хятадын цахилгаан эрчим хүчний төлөвлөлт, инженерийн хүрээлэнгийн (CEPPEI) мэргэжилтэн Дай Жианфэн “Хятадын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2022 онд 760 ГВт-д хүрч, өмнөх оны мөн үеэс 20%-иар өссөн” гэжээ. “Эрчим хүчний системийн аюулгүй, найдвартай ажиллагаа улам бүр чухал болж байна.
Эрчим хүчний шинэ тогтолцоо үүсгэхэд технологийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэнэ” гэж тэрбээр Бээжинд болсон форумын үеэр мэдэгдэв. Эрчим хүчний хуримтлалын технологи нь агаарын шахалт, нисдэг дугуй, цахилгаан химийн процесс зэрэг шинээр гарч ирж буй технологиуд юм.
Уламжлалт эрчим хүчний хуримтлал нь далангийн усыг ашиглан эрчим хүч хуримтлуулж, шаардлагатай үед цахилгаан үйлдвэрлэдэг. Шинэ эрчим хүчний хуримтлалыг үүсгэхэд байршил сонгох, барилга байгууламж барих хугацаа богиносч, үзүүлэх хариу үйлдэл хурдан, олон төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой зэрэг давуу талтай.
Хятад улс дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч төдийгүй салхи, нар зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг илүү их ашигладаг эрчим хүчний шинэ системийг хөгжүүлэхийг хүсч байна. Хятадын Засгийн газар 2030 он гэхэд 1200 ГВт-аас доошгүй нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болох 2060 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 80-аас доошгүй хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах зорилт дэвшүүлээд байна.
Өнгөрсөн оны эцэс гэхэд Хятад улс 8.7 ГВт-ын шинэ эрчим хүч хуримтлуулах хүчин чадалтай болсон нь өмнөх оныхоос 110 гаруй хувиар нэмэгдсэн гэж Үндэсний эрчим хүчний газрын албаны хүн Лю Яфан форум дээр мэдэгдэв.
Лити-ион батарейны технологи нь одоо ашиглаж буй бүх шинэ эрчим хүч хуримтлуулах хүчин чадлын 94.5%-ийг эзэлдэг. Гэсэн хэдий ч тус улсад шинэ эрчим хүч хуримтлуулах ажил эхлэлийн үедээ явж байна. Натрийн ион батарей, шахсан агаарын хураагуур, нүүрстөрөгчийн давхар ислийн батарей зэрэг бусад технологиуд зөвхөн хөгжлийн шатандаа явж байна.
“Энэхүү эрчим хүч хуримтлуулах шинэ технологийг өргөн хүрээнд хэрэглэх боломжтой. Одоо үйлчилж буй цахилгааны үнэ ханшийн тогтолцоонд эрчим хүчний хуримтлалын үр өгөөжийг бүрэн тооцоолох боломжгүй бөгөөд энэ нь эргээд эрчим хүч хуримтлуулах шинэ төслүүдэд хөрөнгө оруулахад нөлөөлж байна.” гэж Дай Жианфэн хэллээ.