Ч.Сансар
Индонез улс АНУ-д нийлүүлж буй зарим ашигт малтмалыг чөлөөт худалдааны хэлэлцээрт хамруулахыг санал болгоно. Ингэснээр цахилгаан автомашины батарей нийлүүлэх сүлжээнд ажилладаг компаниуд АНУ-ын татварын хөнгөлөлт эдлэх боломжтой гэж даваа гарагт Дэд сайд мэдэгдэв.
Вашингтон Инфляцийг бууруулах тухай хуулийн хүрээнд цахилгаан автомашиныг татварын хөнгөлөлтөд хамруулах талаар шинэ удирдамж гаргасан. Энэхүү удирдамж нь батарейны зарим эд ангийг Хойд Америкт эсвэл чөлөөт худалдааны гишүүн улсад үйлдвэрлэх, угсрахыг шаарддаг. Уг удирдамж нь АНУ-ыг цахилгаан автомашины батарей нийлүүлэх сүлжээг хөгжүүлэхэд Хятадын хамаарлаас гаргахыг зорьж байгаа юм.
Индонез улс АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй ч тус улсын никель бүтээгдэхүүн нь цахилгаан автомашины үйлдвэрлэлд илүү чухал ач холбогдолтой. Индонез нь Тесла, Форд зэрэг АНУ-ын компаниудаас хөрөнгө оруулалт татахын тулд дэлхийд хамгийн томд тооцогддог никелийн нөөцөө ашиглахыг зорьж байна.
АНУ-ын компаниудыг татах ажлыг зохион байгуулж буй Индонезийн сайд Лухут Панджайтанаас татварын хөнгөлөлтийн шинэ удирдамжийн талаар асуухад Жакарта Вашингтонтой хязгаарлагдмал чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ) байгуулах санал тавина гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
“АНУ, Индонези улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байхгүй. Харин АНУ-тай хязгаарлагдмал чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг санал болгож байна" гэж Лухут хэлээд энэ долоо хоногийн сүүлээр АНУ-д айлчлахдаа Форд болон Теслагийн удирдлагуудтай уулзаж, асуудлыг хэлэлцэх болно гэж нэмж хэлэв.
Лухутын орлогч Септиан Харио Сето “Санал болгож буй чөлөөт худалдааны хэлэлцээр нь АНУ Японтой байгуулсан чухал ашигт малтмалын худалдааны хэлэлцээртэй төстэй байх болно” гэжээ.
АНУ, Япон гуравдугаар сард цахилгаан автомашины батарейны үйлдвэрлэлд ашигладаг лити, никель, кобальт, бал чулуу (graphite), марганц (manganese) зэрэг ашигт малтмалын худалдааны хэлэлцээр яаралтай байгуулахыг тохиролцсон.
Индонез улс 2020 онд никелийн хүдэр экспортлохыг хориглосноос хойш Хятадын олон компаниуд цэвэршүүлэх үйлдвэрүүдэд хөрөнгө оруулсан байна.
Өнгөрсөн сард Форд Бразилийн никель олборлогч Vale болон Хятадын Zhejiang Huayou Cobalt компанитай Индонезийн Сулавеси арал дахь 4.5 тэрбум долларын өртөгтэй цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Лухут өнгөрсөн долоо хоногт Индонезийн бизнесийн төлөөлөгчдийг тэргүүлэн Хятадад айлчилж, Индонезид хөрөнгө оруулах боломжуудыг сурталчилсан билээ. Сето хэлэхдээ, албаны хүмүүс 5 дугаар сард Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD Group компанитай хөрөнгө оруулах талаар ярилцана. Тэрээр өндөр нууцлалтай гэрээ байгуулсан учир Теслатай хийсэн хэлэлцээрийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдээлсэн.