Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргажээ. Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатыг 2022 оны аравдугаар сард томилсон бөгөөд тэрбээр зургаан сарын үйл ажиллагааны тайлангаа Засгийн газарт танилцуулжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар, БЭТ томилсон хугацаанд Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрс олборлолтын хэмжээ 2.5 дахин, борлуулалтын орлого нь 3.5 дахин нэмэгдсэн. Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газрын 362-р тогтоол хэрэгжиж, нүүрсний борлуулалтыг хилийн үнээр хийж эхэлснээр орлого эрс нэмэгдсэн. Эдгээр эерэг өөрчлөлтүүдийг хэвшүүлэх, цаашид хүнээс үл хамаарсан нээлттэй ил тод засаглалыг бий болгох чиглэл өгч бүрэн эрхт төлөөлөгчөөр үргэлжлүүлэн ажиллуулах тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Бүрэн эрхт төлөөлөгч томилдог 1991 онд батлагдсан хуульд “БЭТ-ийн ажиллах хугацааг сунгах тохиолдолд Засгийн газрын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлснээр УИХ эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан учир уг тогтоолын төслийн өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Тус компани өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын түүхэнд анх удаа хамгийн их хэмжээний нүүрс экспортоллоо. Гашуунсухайт боомтоор 260 мянган тонн нүүрс гаргалаа гэсэн мэдээ авсан. Энэ бол маш том үзүүлэлт. Өмнө нь тус боомтоор хамгийн ихдээ 160 мянган тонн нүүрс гардаг байсан юм гэв.
Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Эрдэнэс Тавантолгой компанийн бүх үйл ажиллагаанд ирэх зургаан сард олон улсын мэргэшсэн аудитын байгууллагаар аудит хийлгэх, олон улсын менежментийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллах үүрэг авсан байна.