Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Чили улс Codelco компаниар дамжуулан төр, хувийн хэвшлийн шинэ загварыг нэвтрүүлж байна

Ч.Сансар


Чилийн төрийн өмчит Codelco болон Enami зэсийн компаниуд тус улсад литийн ордуудыг хувийн хэвшилтэй хамтран ашиглах хэлэлцээр хийж байна. Чили улс цахилгаан автомашины батарей үйлдвэрлэхэд ашигладаг литийн дэлхийн хамгийн том нөөцтэй орон юм.
 
Жижиг дунд үйлдвэрлэгчдэд үйлчилгээ үзүүлдэг зэсийн шилдэг нийлүүлэгч Codelco болон Enami компаниуд лити олборлох шинэ төслүүдэд төрийг төлөөлөх болно гэж Уул уурхайн сайд Марсела Эрнандо мэдэгдэв.

Зүүний үзэл баримтлалтай Ерөнхийлөгч Габриэль Борикийн Засгийн газар энэ долоо хоногт лити олборлох стратеги төлөвлөгөөгөө  танилцуулна гэсэн хүлээлт байгаа. Энэхүү стратегийн хүрээнд лити олборлох шинэ төслүүд дээр хувийн компаниуд төртэй хамтран ажиллах юм байна. Мөн энэ долоо хоногт литийн улсын компани байгуулах хуулийн төслийг Конгресст өргөн барихаар төлөвлөж байна. Гэхдээ тэр хүртэл төрийн өмчийн Codelco болон Enami компаниуд төлөөлөн ажиллана.

"Компани тус бүр Засгийн газартай хэлэлцээр хийж, зарим нууц гэрээнд гарын үсэг зурсан" гэж Эрнандо даваа гарагт Сантьягод болсон уул уурхайн салбарын хурлын үеэр хэлэв.

Codelco-гийн Марикунга давсны талбайд литийн хайгуул хийхтэй холбоотой хэлэлцээрийг тусдаа хийнэ. Зарим хэтийн төлөвтэй төслүүд аль хэдийн хайгуулаа эхлүүлсэн гэж тэрбээр нэмж хэлэв.

Чили улс татварын орлогыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ энэ салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татахыг хичээж байна. Литийн үйлдвэрлэл нь одоогоор SQM болон Albemarle Corp гэсэн хоёр компанийн эзэмшдэг аварга том давсны талбайд явагдаж байгаа. Цахилгаан автомашины батерейн үйлдвэрлэхэд ашигладаг лити металлын эрэлт хурдасч байгаа энэ үед Чили зах зээлд эзлэх байр сууриа алдаж байна.

Эх үүсвэр:  mining.com