Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

2023 он  газрын тос нийлүүлэгчдийн “хэтэвчээ” дахин дүүргэх жил

The Mongolian Mining Journal /Feb.2023/

Ц.Элбэгсайхан


Орос-Украины зөрчилдөөнөөс “хожиж” байгаа нь эрчим хүчний салбар бололтой. Ямар ч байсан газрын тос, байгалийн хий олборлогчид түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажилласан болохоо хөрөнгө оруулагчдадаа бахархалтайяа тайлагнах боллоо. 

Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй Shell компани л гэхэд 2022 онд түүхэндээ авч үзээгүй өндөр ашигтай ажилласан жил байсныг зарлалаа. Өнгөрсөн жил тэд 40 тэрбум ам.долларыг цэвэр ашиг болгон “халааслажээ”. Тэд энэхүү амжилтынхаа тухайд “Орос- Украины зөрчилдөөн нь эрчим хүчний салбарын үнэ өссөнөөр   ашгийн түвшинг хоёр дахин нэмэгдэж хөрөнгө оруулагчдадаа урьдчилан таамаглаагүй өндөр өгөөж өгөх боломжтой боллоо” гэсэн юм. Энэ нь өнгөрсөн жилийн цэвэр ашгийг үндсэндээ хоёр дахин нугалсан дүн байв. 

Энэ нь хөрөнгө оруулагчдынх нь хувьд төдийгүй, зах зээлийн хөдөлгөөн бүрийг ажиглаж, мэргэн ухаанаа уралдуулж байдаг хараат бус шинжээчдийн ч хүлээлт, тооцооллоос давсан сайн гүйцэтгэл байлаа. Учир нь үүнээс өмнө тус компани 2008 онд л 31 тэрбум ам.долларын ашиг олж байсан нь хамгийн өндөр ашигтай ажилласан жил байжээ.

Ганцхан Shell ч гэлтгүй, түүний өрсөлдөгчид ч мөн өмнөх жилүүдийн орлого, ашгаа хоёр дахин өсгөсөн тухай мэдээг дуу дуугаа авалцан тунхаглав. Норвегийн Equinor ч мөн адил үйл ажиллагааны ашгаа нугалж 75 тэрбум ам.долларын ашиг олсон байна. BP (British Petrolium) 2022 онд 28 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Энэ нь мөн л 2008 оны түүхэн амжилт болох 26 тэрбум ам.долларын ашгаас давсан үзүүлэлт байлаа. Өрсөлдөгчидтэй нь харьцуулахад түүний ашгийн өсөлт арай бага байгаа нь Оросын төрийн өмчит Роснефтийн 19.75 хувиа шилжүүлсэнтэй холбоотой юм. 

Ерөнхий дүр зургийг нь харвал, дэлхийн газрын тос олборлогч зургаан том компанийн цэвэр ашгийн нийлбэр дүн 2022 онд хоёр дахин гаруйгаар өсөж 219 тэрбум ам.доллар хүрчээ. Үүнээс тэд 110 тэрбум ам.долларыг ногдол ашиг болгон тараах, эсвэл хувьцаагаа худалдан авах зэргээр хувьцаа эзэмшигчдэдээ өгөөж болгон хүртээхээ мэдэгдээд байна. 

Хүлээлт

Ерөнхийдөө, газрын тос нийлүүлэгчид 2023 оныг хэтэвчээ дахин дүүргэх  жил гэж харж байна. Үүнд, эрэлт болон нийлүүлэлтийн аль аль нь нөлөөлж буй. 

Эрэлт талаас харвал, БНХАУ цар тахлын хөл хориогоо сулласнаар эдийн засаг дахин нээгдэж хэрэглээ нэмэгдэнэ гэсэн итгэл найдвар хүчтэй байна. Харин нийлүүлэлт талаас харвал ОПЕК+ 2023 оныг дуустал газрын тосны олборлолтоо бууруулах тал дээр хатуу байр суурьтай, бас санал нэгтэй байна.  

Өнгөрсөн оны аравдугаар сард ОПЕК (Газрын тос Экспортлогч Орнуудын Бүлэг) газрын тосны хэтийн төлвийг шинэчлэн тооцож, эрэлт талд тодорхой эрсдэлүүд байгаагийн улмаас гарцаа бууруулцгаая гэдэг шийдэлд хүрсэн. Тухайн үед, БНХАУ “Ковид-0” бодлого хэрэгжүүлж байсан юм. 

Тэдний тооцоолсноор 2023 онд дэлхийн нийт эрэлт 102.02 сая баррель/өдөр болохоор байгаа нь харьцангуй удаан буюу дөнгөж 2.34 саяар нэмэгдэх нь гэж чамласан юм. Тиймээс бүлгийн улс орнууд нэгдэн гарцаа хоёр сая баррель/өдрөөр бууруулах шийдэлд хүрцгээсэн. Энэ нь дэлхийн нийт эрэлтийн хоёр хувьтай тэнцэх юм. Харин АНУ-ын Эрчим хүчний яам 2023 онд эрэлтийг үүнээс ч бага буюу 101.03 сая баррель болно гэж үзэж байна.

Хоёрдугаар сарын эхний өдөр ОПЕК+ дахин хуралдсан нь тун богинохон болж өнгөрөв. Хэдийгээр Хятад эдийн засгаа дахин чөлөөлж, эрэлт сэргэх томоохон итгэл найдвар бий болсон ч экспортлогчид гарцаа нэмэгдүүлэхийг өчүүхэн ч хүссэнгүй. ОПЕК+ буюу үндсэн гишүүд болон ОХУ-ыг багтаасан уг хуралд эрчим хүч хариуцсан сайд нар оролцсон бөгөөд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, 30 минут хүрэхгүй хугацаанд өндөрлөжээ.  

Сайд нарын хамтарсан хяналтын хороо (JMMC-Joint Ministerial Monitoring Committee) гэж нэрлэгдсэн тус зөвлөлд багтсан сайд нар олборлолтын тоо баримттай танилцаж, “ОПЕК+ тохиролцоогоо 2023 оныг дуустал тууштай хэрэгжүүлэх санал дээр нэгдэж байгаагаа дахин нотоллоо” гэж  хурлын дараа хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Хамгийн сүүлд ОХУ гуравдугаар сараас эхлэн олборлолтоо өдрийн 500,000 баррелиар дахин бууруулах шийдвэр гаргалаа. Энэ нь тус улсын экспортын газрын тосонд баруун Европын орнууд үнийн тааз тогтоосны хариу арга хэмжээ болохыг Шадар сайд Александар Новак мэдэгдэв. Орос ийн мэдэгдсэний дараа ч ОПЕК гарцаа нэмэгдүүлэх талаар бодох ч үгүй байгаагаа мөн илэрхийлээд байна. 

Нийлүүлэлт хомстож, эрэлт сэргэх хүлээлт бий болсонтой холбоотойгоор OПЕК энэ жил түүхий газрын тосны ханш баррель нь 100 ам.доллар орчимд хүрнэ гэж төсөөлж байгаа юм.


Сорилтууд

Тэгвэл ханшид сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйл бас бий. Нэгдүгээрт АНУ-ын болон дэлхийн эдийн засгийн удаашралт. АНУ-ын эдийн засаг хямрах вий, мөнгөний бодлогын хэт чангаралт нь тус улсын нэмэгдэж байгаа ажилгүйдлийн түвшинг дэврээх вий гэх айдас нь үнийг хазаарлаж буй гол хүчин зүйл юм. Гэтэл нэгдүгээр сард шинээр ажилд орсон иргэдийн тоо хэт өндөр гарснаар хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Санг дараагийн удаад бодлогын хүүг огцом өсгөх магадлалтай гэж харж байна. Үүнтэй холбоотойгоор Goldman Sachs Брент газрын тосны 2023 оны ханшийн таамаглалаа 98 ам.доллараас бууруулж 92 ам.доллар, 2024 оны ханшийн таамаглалаа 105 ам.доллараас бууруулж 100 ам.доллар болгоод байна.

Гэтэл бас ханш өсөх гол найдвар болсон Хятадын эрэлт сэргэж байгаа шинж тэмдэг бага байна. Тэр бүү хэл эсрэгээрээ Хятадын эрэлт суларч байгааг тоон үзүүлэлт харуулав. Хятадын газрын тосны импорт өнгөрсөн сард 10.98 сая баррель/өдөр байсан нь арванхоёрдугаар сарын 11.37 сая баррель/өдөр болон арваннэгдүгээр сарын 11.42 сая баррель/өдөртэй харьцуулахад нэлээд буурсан дүн юм. Энэ байдлаар хоёрдугаар сард эрэлт хэр сэргэх нь тодорхойгүй байгаа нь он гарснаас хойш жаахан өндийж байсан ханшийг дарж орхив. Газрын тосны ханш гурван сар дараалан унаад байна. 

Түүнчлэн олборлолтоо бууруулж байгаа ч ОХУ-ын экспортын газрын тосны үнийг Засгийн газраас нарийн тогтоосон зүйл байхгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Оросын газрын тосны худалдан авалтад барууны орнуудын тавьсан үнийн дээд хязгаарыг мөрдөхгүй гэсэн байр сууриа Кремль мэдэгдсээр буй. Гэхдээ бодит байдалд Путин ОХУ-ын газрын тос олборлогч компаниудад борлуулалтын үнийн ямар нэг хязгаар тогтоогоогүй бөгөөд үнээ өөрсдөө тогтоох эрхийг экспортлогчдод өгсөн тухай Reuters мэдээллээ. 

Их-7 бүлгийн улс орнууд ОХУ-аас худалдан авах газрын тосыг дэлхийн зах зээлээс даруй 25-35 ам.доллараар бага үнэ санал болгож байгаа билээ. Гэтэл хяссан юм шиг Баруун Европын орнуудын газрын тосны эрэлт өсөлттэй байгаа бөгөөд энэхүү нөхөгдөөгүй орон зайнаас ОПЕК нэлээд ашиг хүртэхээр хичээж байна.