Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Аргентины литийн экспорт оны эхний улиралд 133%-иар өслөө

Ч.Сансар


Аргентин улс 2023 оны эхний гурван сард 233 сая ам.долларын лити экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 133%-иар өссөн байна гэж тус улсын Уул уурхайн яамнаас  мягмар гарагт хийсэн тайландаа дурджээ.
 
Цагаан металлын экспорт 3 дугаар сард хамгийн дээд хэмжээнд хүрч, борлуулалт 2022 оны 3 дугаар сараас 93%-иар өсч 91 сая ам.долларт хүрсэн байна. Лити нь өнгөрсөн сард Аргентины нийт уул уурхайн экспортын 27%-ийг эзэлсэн байна.
Оны эхний улиралд Аргентины литийг хамгийн их импортолсон улсууд нь Хятад (31%), Япон (31%), АНУ (13%), Өмнөд Солонгос (12%) байв.

Уул уурхайн яамнаас  Аргентинд одоогоор 38 литийн төсөл хэрэгжүүлж байгаа талаар мэдээлжээ. Харин олборлолт явуулж байгаа  нь Австралийн Allkem Ltd компанийн Салар де Оларозын уурхай, American Livent Corporation-ы өмч болох Катамарка мужийн Феникс уурхай юм.

Хөдөө аж ахуй өндөр хөгжсөн Аргентин улс цахилгаан тээврийн хэрэгсэл болон жижиг электроникийн бүтээгдэхүүний батарейнд ашигладаг лити олборлоход хөрөнгө оруулалт татах  зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлэх, аюулгүй байдлыг хангахыг санал болгож байна.

Allkem Ltd., Livent-ээс гадна Аргентинд лити олборлодог олон улсын компаниудын тоонд Хятадын Ganfeng Lithium Co. Ltd., Нидерландын Pluspetrol Resources, Францын Eramet, Канадын Lithium Americas, Англи-Австралийн Рио Тинто компаниуд ордог.

Аргентин бол дэлхийн дөрөв дэх том литийн үйлдвэрлэгч бөгөөд Боливи, Чилитэй хамтран "литийн гурвалжин" гэгддэг ашигт малтмалын дэлхийн   томоохон нөөцийн нэг хэсгийг эзэмшдэг.

Эх сурвалж:  mining.com