Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

Бүтээн байгуулалтын салбаруудыг  нэгтгэх зорилготой “Build Mongolia”олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн техник технологийг танилцуулах зорилготой олон улсын  “Build Mongolia” үзэсгэлэн-Экспо  Steppe Arena төвд зохион байгуулагдаж, нээлтээ хийлээ. Гурав дахь удаагийн Экспо үзэсгэлэн  “Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая” уриан  дор дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд болж байна.

Дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлж, улс  орны хөгжлийг хурдасгах,  олон улсад нэвтрүүлж буй дэд бүтцийн технологийн дэвшлийг эх орондоо нутагшуулах,  төр, хувийн хэвшлийн хамтын бүтээмжийг сайжруулах зорилготой энэхүү арга хэмжээ уламжлал болон жил бүр зохион байгуулагдаж байна.

Build Mongolia-2023  Олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн Экспо үзэсгэлэнг Ерөнхий зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн Ерөнхий захирал Т.Баттулга  нээлээ.  Нээлтэд  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, МҮХАҮТ, Элчин сайдын яамд болон дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөл оролцлоо.

    Барилга хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг:

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнгөрсөн онд  барилга, хот байгуулалтын салбарт 1 их наяд 84 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилга угсралт, их засварын ажил хийхээр төлөвлөсөн. 223 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий 227 төсөл, арга хэмжээ  хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд дотоодын барилгын компаниуд 6 их наяд төгрөгийн барилга угсралтын их ажил гүйцэтгэсэн нь өмнөх оныхоос 44,8% өссөн байна” хэмээн нээлтийн үеэр онцолсон юм.

Барилга, барилгын материал, түүхий эд,  техник, тоног төхөөрөмж, үйлдвэрлэх, худалдан авалтын тогтолцоог “Build Mongolia” Экспо арга хэмжээ нь нэг дээвэр дор нэгтгэж буй нь оролцогчдын хувьд үр дүнтэй төдийгүй худалдан авагчдын хувьд ч цаг хугацаа хэмнэж, орон зайг товчлох боломж олгодог давуу талтай.

Экспод хүрэлцэн ирж оролцож буй компаниудын төлөөллийн  хувьд бизнесээ өргөжүүлэх, хамтын ажиллагааг сэргээх, шинэ харилцаа тогтооход ихээхэн ач холбогдолтой юм.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч "Алтан түнш" байгуулгаар МСМ индустриал  компани ажилласан бол  хэвлэл, мэдээллийн ивээн тэтгэгчээр The Mongolian Mining Journal сэтгүүл, Bloomberg телевиз дэмжин ажиллаж байна.