Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын газрын тос боловсруулах хүчин чадал дээд хэмжээнд хүрлээ

Ч.Сансар
Өнгөрсөн сард Хятадад газрын тос боловсруулах хүчин чадал түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Энэ нь гадаад шатахууны эрэлт хэрэгцээ 
өндөр, засвар үйлчилгээний улирлаас өмнө бараа материалаа нөөцлөх шаардлагатай байгаатай холбоотой.


Энэ долоо хоногт Ройтерс агентлагийн иш татсан мэдээллээс үзэхэд 3 дугаар сард Хятадын боловсруулах үйлдвэрүүд өдөрт 14.9 сая баррель боловсруулж байгаа нь газрын тосны үнэ өсөх магадлалыг нэмэгдүүлж, Хятад улс Ковидын цар тахлын дараа сэргэж байгааг харуулж байна. Нэг болон хоёрдугаар сарын үйлдвэрлэл өдөрт дунджаар 14.36 сая баррель хүрсэн. Харьцуулахад 2022 оны эхний хоёр сард 13.98 сая баррель, 2022 оны 12 дугаар сард 14.1 сая баррель үйлдвэрлэж байсан.
 

2023 оны эхний гурван сарын байдлаар газрын тосны боловсруулалт өмнөх оны мөн үеийнхээс 5.2%-иар өссөн байна. Бээжингээс ирсэн сүүлийн үеийн мэдээгээр Хятадын эдийн засаг эхний улиралд 4.5%-иар өссөн бөгөөд энэ нь газрын тосны үнийг нэмэгдэхэд нөлөөлсөн. Нефть боловсруулах үйлдвэрийн өсөлт нь энэхүү цар тахлын дараах сэргэлтийн шууд үр дүн юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, өнгөрсөн 3 дугаар сард Хятадын боловсруулсан бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны 3 дугаар сараас 35.1%-иар өссөн байна.

Түүгээр ч зогсохгүй Европын холбоо Оросын газрын тос, шатахуунд тавьсан хориг нь Хятад зэрэг бусад томоохон түлш экспортлогчдод боломж олгосон. Хятад улс Оросын түүхий нефтийг хөнгөлөлттэй үнээр авч, улмаар түлш үйлдвэрлэж, Европын холбоонд зардаг.

Нефть боловсруулах үйлдвэрүүд тогтмол хуваарьт засвар үйлчилгээ хийдэг учир үйлдвэрлэлийн хэмжээ цаашдаа түр зуур буурах төлөвтэй.
Гэхдээ тэр хүртэл үйлдвэрүүд боловсруулсан бүтээгдэхүүнээ нөөцөлж байгаа тул үйлдвэрлэлийн хэмжээ өндөр байна гэж Ройтерс тайландаа тэмдэглэжээ.
Эдийн засагчид энэ онд нефтийн эрэлтийн өсөлтийн дийлэнх хувийг Хятад улс бүрдүүлнэ гэж таамаглаж байгаа ч бодит өсөлтийн талаар өөр өөр байр суурьтай байгаа. Хятадын нефтийн эрэлт хэрэгцээ дунджаар 500,000-аас 1 сая баррелиар өснө гэж үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: oilprice.com