С.Жавзандулам /Newkhovd.mn сайтын эрхлэгч /
The Mongolian Mining Journal /March.2023/
ШИЖИГТИЙН ХАВЦАЛ
Шижигтийн хавцал нь Ховд аймгийн төвөөс 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км-ийн зайд орших газар зүйн өвөрмөц тогтоц, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Тогтоцын хувьд Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумдыг хамарна. Ховд голын ай сав бүхий урсац ширүүн энэ газар нь монгол хадран загас түрсээ шахаж үрждэг гол газрын нэг.
Ховд голын Шижигтийн хавцлыг түшиглэн усан цахилгаан станц барьж байгуулах боломжтой гэх судалгааг анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт болох мэргэжлийн байгууллага хийсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Ховд, Буянт голын сав газрын зөвлөл хамтран усны нөөцийн нэгдсэн хөтөлбөр 2010 онд боловсруулжээ.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮД ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖДЭГ ҮҮ!
Байгаль орчин, экологийн төсөл гэж нэрлэгддэг Усан цахилгаан станцын төсөл нь эрчим хүчний хямд хэрэглээнээс гадна усны нөөцийн хуримтлал, усны урсацыг зөв зохистой хуваарилдаг гэдгээрээ онцлогтой.
Манай улс 1956 онд анхны усан цахилгаан станц байгуулж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй УЦС барьж ашиглалтад оруулсан хэдий ч одоогоор Дөргөний болон Тайширын усан цахилгаан станцаас бусад нь тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрчээ.
Тухайн үеийн техник технологи, зураг төсөл, цаашид тогтвортой ажиллах хөрөнгийн эх үүсвэр, боловсон хүчний нөөц боломж зэргээс шалтгаалсан байхыг үгүйсгэх аргагүй ч зарцуулсан хөрөнгө зардал үр дүнгүй салхинд хийссэн гэсэн үг.
Олон улсад амжилттай хэрэгжиж байгаа сайн туршлага, техник эдийн засгийн бодит үндэслэл дээр тулгуурласан сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн УЦС барих нь бүс нутаг төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн томоохон хөшүүрэг болно. Тиймээс УИХ, Засгийн газраас гаргасан хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан үр дүнтэй төсөл хэрэгжүүлэхийг чухалчилж стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийн нэг болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан юм.
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ
Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 7-8 хувиар өсөж байна. Тиймээс эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулан баруун бүсийн эрчим хүчний системийн горим тохируулгын үүрэг гүйцэтгэх олон талын ач холбогдол бүхий 90 МВт-ын хүчин чадал бүхий 366 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх усан цахилгаан станцыг барьж байгуулан ашиглалтад оруулах төслийг хэрэгжүүлэн ажиллахаар болсон.
2021 онд Төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл /“Power Construction Corporation of China Ltd болон POWERCHINA Chengdu Engineering Corporation limited”/ шалгарсан.
Барилга угсралтын ажил 61 сар үргэлжлэх бөгөөд хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх юм.
Гэвч тухайн төсөл хэрэгжсэнээр баруун бүс нутгийн иргэд үр ашгийг нь ханатлаа хүртэж чадах эсэхэд эргэлзсээр байна. Учир нь Ховд аймгийн Дөргөний УЦС байгуулагдаад 10 гаруй жил болсон ч орон нутгийн иргэд хөнгөлөлттэй үнээр цахилгаан эрчим хүчийг одоо хэр хараат бусаар хэрэглэж чадахгүй байна. Гэтэл Дөргөний усан цахилгаан станцын жилд үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг ОХУ-аас худалдан авч байгаа цахилгааны үнээр тооцоход 15 орчим тэрбум төгрөгт хүрдэг. Энэ мэтчилэн төрийн зохицуулалт дутмагаас цаашид хэрэгжих шинэ төслүүдэд итгэх иргэдийн итгэл суларсаар байгааг үгүйсгэх аргагүй.
Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд орсон, томоохон хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш 19 жилийн дараа үр ашгаа өгч эхэлнэ гэсэн тооцоо бий.
НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Эрдэнэбүрэнгийн УЦС барьж байгуулах тухайн бүс нутагт Чулуун зэвсгийн хожуу үед хамаарах ховор дурсгал болон Хүрэл зэвсгийн үе, Түрэгийн үед хамаарах 270 орчим олдвор, үүнээс 30 орчим хувь нь усан цахилгаан станц барихаар тусгай хэрэгцээнд авсан хэсэг газарт хамаарч байна.
Өөрөөр хэлбэл, 2020 оны зун Ховд аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Х.Бямбасүрэн нарын хүмүүс Шижигтийн хавцал дахь Хар богочийн агуйгаас нэгэн шинэ олдвор буюу хадны зураг илрүүлжээ. Тэрхүү түүхэн дурсгал нь хавцлын дээд эхэн хэсэгт, барагцаалбал хавцлын уртын гуравны нэгийн орчимд буй, 2 метрийн өргөн, 8-9 метрийн урт, 10 гаруй метрийн өндөр адар бүхий хавчиг хэлбэрт агуйн хананд зурсан олон давхар загасны дүрсүүд юм. Судлаач үүнийг урьдчилсан байдлаар, неолитийн буюу Чулуун зэвсэгийн хожуу үед хамаарагдах, эртний хүмүүсийн гараар үйлдэгдсэн ховор дурсгал байх магадлалтай гээд хэрвээ энэ таамаг батлагдвал Монгол оронд урьд нь бараг олдож байгаагүй шинэлэг олдвор болно гэжээ.
Ховор олдвор олдсон газар нь Шижигтийн хавцалд усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөж буй газрын үндсэн байгууламжийн бүсэд багтах юм. Тэр орчимд зөвхөн энэ дурсгалаас гадна чулуун болон хүрэл зэвсгийн үе, түүнчлэн “Түрэгийн үе” гэж нэрлэгддэг түүхийн үечлэлд хамаарах үй олон дурсгал байгаа талаар “Ховдын толь” сонины эрхлэгч Г.Төрмөнх нийтэлсэн байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тухайн бүс нутагт эрдэм шинжилгээний байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийж дүгнэлт гаргах шаардлагатай ч өнөөдрийн байдлаар уг асуудал санхүүжилттэй холбоотой Засгийн газрын түвшинд яригдаж байна.
НӨХӨН ОЛГОВОР ЭСВЭЛ ХУВЬЦАА
Усан цахилгаан станц байгуулах зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хэмжээ 28 мянган га талбайг эзэлдэг. Байгалийн унаган тогтцыг өөрчлөх замаар хийгдэх бүтээн байгуулалтын ажилд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу олон нийтийн оролцоог хангаж нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулахаар тусгасан байдаг.
Өнгөрсөн хугацаанд төслийн талаар 3 аймгийн 5 сумын малчид, ард иргэдтэй салбарын яам, төслийн нэгжээс удаа дараа уулзалт хийж мэдээлэл өгсөн хэдий ч нөхөн олговрын асуудал яригдсан хэвээр байна.
Тухайн бүс нутагт 270 орчим малчин өрх нутагладаг. Эдгээр өрхүүдийг эзэмшлийн болон зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран байнгын оршин суугчдын нэгэн адил нөхөн олговор олгох замаар 20 орчим тэрбум төгрөг олгоно хэмээн яригдаж байна. Уг нь нөлөөлөлд өртөж байгаа айл өрхүүдэд нэг удаадаа нөхөн олговор олгож улсаас их хэмжээний зардал гаргахгүйгээр ирээдүйд хэдэн үеэрээ дамжин өвлөгдөх хувьцаа олгох нь үр дүнтэй гэдгийг зарим судлаачид онцолж байна. Харин малчдын тухайд нөхөн олговрыг мөнгөн хэлбэрээр авах сонирхолтой байгаа аж.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ЭДИЙН ЗАСГИЙГ ТЭЛЭХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ЭРЧИМ ХҮЧ
Төсөл амжилттай хэрэгжсэнээр бий болох үр дүнгийн талаар Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Х.Бекболатаас тодрууллаа.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барьж байгуулах болсон үндэслэл юу вэ?
Баруун бүсийн тухайд Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж байна. Өнөөдрийн байдлаар 238 сая кВт цаг эрчим хүчийг хэрэглэж байна. Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ орон нутагт хөрөнгө оруулалт нэмэгдэх, үйлдвэрлэл өсөхийн хэрээр дагаад нэмэгдэнэ. Ховд аймагт ашиглалтад орж байгаа Ховд цементийн үйлдвэрээс энэ жил 52 сая кВт цаг эрчим хүчний захиалга орж ирсэн. Хөрөнгө оруулалт хийж эдийн засгийг тэлэх гол хүчин зүйл нь эрчим хүч. Тиймээс бүс нутагт нэлээд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь 2022 оны тавдугаар сарын 25-нд ашиглалтад орсон 10 МВт-ын Нарны цахилгаан станц. Үйлдвэрлэл нь 2022 оныхоо түвшинд 15 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэсэн байна.
Мөн Дөргөний УЦС-ын өөрийнх нь проектийн хүчин чадал нь 38 кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх ёстой. Гэхдээ энэ нь байнгын өндөр өсөлттэйгөөр үйлдвэрлэл нь явж байна. Дээд тал нь 58 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж байна. ОХУ-аас техникийн саатал гарч ямар нэг засвар үйлчилгээ хийх үед Дөргөний УЦС нь гол хэрэглэгчидээ цахилгаан эрчим хүчээр хангадаг. Нарны станц ашиглалтад орсноор энэ боломж улам нэмэгдэх болно. Цаашид Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун гурван аймгийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэж байгаа юм.
Төслийн хэрэгжилтээс ямар үр дүн хүлээж байна вэ?
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 5 жилийн хугацаанд баригдана. Энэ хугацаанд орон нутгаас тодорхой хэмжээний ажиллах хүчнийг авч ажиллуулахаас гадна 800-1000 орчим түр ажлын байр бий болно. Жишээлбэл, замын ажил, хүнд даацын авто машинууд, хүнсний хангамжийн асуудал, өндөр мэргэшсэн боловсон хүчин гээд дурдаж болно. Төслийн ажилд оролцох олон боломжууд бүс нутгийнханд нээгдэнэ.
Мөн боловсон хүчнийг орон нутагт нь бэлтгэх тухай асуудал яригдаж байна. ШУТИС-ийн холбогдох төлөөлөлтэй санал солилцож тусгай хөтөлбөр гаргаж, 15-30 хүүхдийн бүрэлдэхүүнтэй нэг ангийг бэлтгэх талаар ярилцсан.
Төслийн хэрэгжилттэй холбоотой олон асуудал яригдах нь тодорхой. Тиймээс урт хугацаанд тогтвортой ажиллах хүчний нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Тухайн станц дээр ажиллах инженер техникийн ажилтнуудын нийгмийн асуудлыг анхаарч, УЦС-ын барилга угсралт, дэд бүтцийн асуудалтай уялдуулан ажилчдын ажиллах нөхцөл, орон сууцны асуудлыг шийдэхээр болсон.
Энэ хүрээнд 58 айлын орон сууц Ховд хотын төвд баригдана. Үүний 48 нь 2 өрөө, 8 нь нэг өрөө байх аж.
ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?
2022 оны хавар төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс бэлтгэл ажлыг хангах зорилгоор газар шорооны ажлыг тодорхой хэмжээнд эхлүүлэн бартаа саад ихтэй 6 км түр замыг засварлан сайжруулжээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 2023 оны дөрөвдүгээр сард эхлэх урьдчилсан төлөвтэй байсан ч өнөөдрийн байдлаар хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Учир нь гүйцэтгэгч компани нь ковидын нөлөө, бичиг баримтын бүрдлээс шалтгаалан зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулж чадахгүй байна. Мөн геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг БНХАУ-ын талаас хийсэн бөгөөд 2023 оны гуравдугаар сард багтаан дүгнэлт нь гарах ёстой учир хүлээгдэж байгаа аж.
Түүнчлэн Эрчим хүчний яамнаас “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн зохицуулагч Ч.Гантулгыг 2023 оны гуравдугаар сарын эхээр ажлаас нь чөлөөлжээ.
Дээр дурьдсан тодорхойгүй нөхцөл байдлын улмаас төслийн барилга угсралтын ажил хойшлогдож 2023 оны зургаадугаар сараас эхлэх болов уу гэсэн таамгийг мэргэжилтнүүд өгч байна.