Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Тамсагаас Дорноговь руу газрын тос дамжуулах хоолой барих ажил энэ сард эхэлнэ

А.Халиун

Дорнод аймаг дахь Тамсагийн газрын тосны орд газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр хүртэл нийт 530 км урт, өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд эхлүүлэхээр товложээ.

Монгол Улсад газрын тос дамжуулах хоолой барих төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Норинко” группийн дэд ерөнхийлөгч Ванг Итонг тэргүүтэй төлөөлөгчид бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх ёслолын үйл ажиллагаанд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн байна.

УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин өчигдөр (2023.04.24) “Норинко” группийн дэд ерөнхийлөгч Ванг Итонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Ханги Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж буйг онцлоод, нефть боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах хоолойн ажил эхэлж буйд баяртай буйгаа илэрхийлэв.

Түүхий тос татах хоолой бүхий нефтийн үйлдвэр байгуулбал Монгол Улсын эдийн засгийн хөгжилд  чухал ач холбогдолтой бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор манай улс шатахууны дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ гэлээ.

Монгол Улсын ашигт малтмал, газрын тосны салбарын болон орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг зөвлөж, бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

“Норинко” групп нь олон салбарт үйл ажиллагаа явуулдаг болохыг дэд ерөнхийлөгч Ванг Итонг танилцуулав. 2023 оны дөрөвдүгээр  сарын 10-нд гэрээнд гарын үсэг зурснаас хойш нефтийн хоолой татах Монгол Улсын бүтээн байгуулалтад өндөр анхаарал тавьж, зураг дизайн, төлөвлөлт зэрэг бэлтгэл ажилд ихээхэн ач холбогдол өгч ажилласнаа дурдсан байна.