Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Новак Иранд айлчилж, эрчим хүчний хамтын ажиллагааны талаар ярилцана

   
Ч.Сансар

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак,   Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина нар ирэх сард Иранд айлчилна гэж Исламын Бүгд Найрамдах Иран Улсын мэдээллийн агентлаг мэдээллээ. Энэхүү айлчлал нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг өөрчлөх чадалтай хүчирхэг хамтын түншлэл үүсгэж болзошгүй юм.


А.Новак тавдугаар сарын дундуур Иранд зохион байгуулагдах газрын тос, байгалийн хий, нефть химийн олон улсын XXVII дахь үзэсгэлэнд оролцох бөгөөд энэ үеэр мөн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Сүүлийн жилүүдэд Орос, Иран хоёр орны харилцаа улам бүр бэхжиж байна. Аль аль улс нь эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээнд өртсөн. Цөмийн хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан бол Украинд түрэмгийлснээс болж Оросын эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлсэн.

Өнгөрсөн долдугаар сард Ираны газрын тосны үндэсний компани (NIOC) Оросын Газпромтой бараг 40 тэрбум ам.долларын үнэ бүхий Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Иран, Туркийн төрийн тэргүүн нартай дээд хэмжээний уулзалт хийхээр Тегеранд хүрэлцэн ирсэн өдөр NIOC болон Газпромын гүйцэтгэх захирлууд гэрээнд гарын үсэг зурав.

Санамж бичигт Ираны Киш болон Хойд Парсын хийн ордуудыг өргөтгөх, Өмнөд Парсын талбайг сайжруулах, газрын тосны зургаан шинэ ордыг хөгжүүлэх, байгалийн хийн солилцоог (swap) нэмэгдүүлэх, шингэрүүлсэн хийн төрөл бүрийн төслүүдийг дуусгах, хийн экспортын хоолой барих гэх мэт тохиролцоонууд орсон байна.

Дээр дурдсан эдийн засгийн хамтын ажиллааны дотор Ираны газрын тос, байгалийн хийн ордуудад Оросоос хөрөнгө оруулах нь Тегераны хувьд онцгой ач холбогдолтой юм.
Иран 157 тэрбум баррель түүхий газрын тосны батлагдсан нөөцтэй бөгөөд энэ нь дэлхийн нийт нөөцийн бараг 10% юм. Иран 1193 их наяд куб фут батлагдсан хийн нөөцтэй бөгөөд дэлхийн нийт нөөцийн 17%-ийг эзэлдэг юм байна. Иран улс нөөцөөрөө ОХУ-ын дараа ордог.

Орос улс 1688 их наяд куб фут байгалийн хийн нөөцтэй ба энэ нь дэлхийн хамгийн их байгалийн хийн нөөц юм.  Мөн 80 тэрбум баррель газрын тосны батлагдсан нөөцтэй. Энэхүү их газрын тос, байгалийн хийн нөөц нь Иран, Орос хоёрыг хүчирхэг түншлэл байгуулахад хүргэж байна.

Эх сурвалж:  oilprice.com