Г.Бадрал
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөлтийн дагуу эрчимтэй өрнөж байна.
Манай улсад нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбарын суурийг тавих газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Цаасан дээрх төслөөс эхтэй анхны дэд бүтцийн ажлууд болох Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэлх 27 км төмөр зам, 17 км хүнд даацын авто зам, эрчим хүчний агаарын шугамыг 2018-2019 онд барьж дуусгасан. Үйлдвэрийн дараагийн ажил болох ган хоолойгоор цэвэр усны нөөц татах, үйлдвэрийн орчин доторх зам, галын эрсдэлийг бууруулах зориулалтын барилга, нефть хадгалах, агуулах сав зэрэг барилга байгууламжийг барих ажлын нээлт 2021 нэгдүгээр сард Алтанширээ суманд болж, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани бүтээн байгуулалтын ажлыг эхэлж байлаа.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг төлөвлөлтийн дагуу дөрвөн багц болгон хэрэгжүүлэх аж.
EPC 01 багц ажил буюу технологийн бус барилга байгууламж, иргэний есөн барилга, 44 км ус дамжуулах хоолой, 30 мянган шоо метр багтаамжтай усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжуудын барилга угсралтын ажлын явц 80 гаруй хувьтай байгаа бөгөөд тус компани энэ онд гүйцэтгэж дуусгахаар ажиллаж байна.
EPC 02 багц болох хоёр дахь шатны ажилд анхдагч процессийн болон дагалдах байгууламжид, атмосферийн болон вакум нэрлэгийн байгууламж, хий ялгах байгууламж, 42 ширхэг түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүний агуулах сав, резервуар, төмөр зам болон авто замын ачих буулгах байгууламж, ус цэвэршүүлэх систем, шугам хоолойн тулгуурууд, хэрэглээний бусад байгууламжуудын нарийвчилсан зураг төсөл, барилга угсралтын ажил багтжээ. Дээрх ажлыг ирэх сарын сүүлээр эхлэхээр төлөвлөжээ.
EPC 03 багц ажилд 35 мегаваттын хүчин чадалтай, уурын хоёр турбин бүхий цахилгаан станцын нарийвчилсан зураг төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Дээрх хоёр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “Megha Engineering Infrastructure” компани шалгарч өнгөрсөн оны 10 дугаар сард гэрээ байгуулан ажлаа эхэлжээ.
EPC 04 багц ажил нь технологийн бусад барилга байгууламжийг барих төсөл юм. Энэ ажлын гүйцэтгэгч нь газрын тосны барилга байгууламжийг барих эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй компани ажиллах бөгөөд ажил нь ирэх жилээс эхлэх аж. Үйлдвэрийн дагалдах барилга байгууламж барих ажил дээр БНЭУ-ын инженер, техникийн ажилтнууд болон манай улсын компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Газрын тос дамжуулах хоолойн ажил эхэллээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол түүхий эд болох нефтийг Дорнодоос хоолойгоор татахаар төлөвлөсөн. Тиймээс Дорнод, Сүхбаатар, Дорноговь гэсэн гурван аймгийн найман сумыг дайруулж нийт 530 км газар хоолой татах зураг төсөл гарчээ. Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн Матад сумын “Тосон уул-XIX”, “Тамсаг XXI” талбайгаас гарсан түүхий нефтийг хоолойгоор дамжуулж дээрх маршрутаар тээвэрлэнэ. Дорнод аймгийн Матад сумаас нааш Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Халзан, Баяндэлгэр, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Өргөн, Алтанширээ сумыг дамжсан газрын тос дамжуулах хоолойн ажлыг энэ оноос БНХАУ-ын “Norinco international” компани гүйцэтгэж байна. Дамжуулах хоолойн бүтээн байгуулалтыг 2025 онд багтааж дуусгах ажээ.
Газрын тос тээвэрлэх хоолойн диаметр 30 см бөгөөд шингэн тосыг хоолойгоор шахахын тулд эхний хэсэг дээр халаах, өргөх станц байрлуулж 100 гаруй км-ийн зайтай өргөх зургаан станцыг суурилуулж шингэн түүхий эдийг Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэрт дамжуулах юм. Одоогоор хоолойн байр зүйн зураглал, инженер геодези, геотехникийн нарийвчилсан судалгаа, газрын тосны хоолойн өргөх шахах станц суурилуулах ажилтнуудын байрлах кемп байгуулах зэрэг ажил ид өрнөж байна. Кемпийн ажлын гүйцэтгэл 80%-тай байгаа аж. Кемпийг мөн л түүхий эдийн нөөц байгаа газар буюу Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Халзан, Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Алтанширээ суманд тус тус барьж байна.
Санхүүжилт удааширч барилгын ажил түр зогсчээ
Сайншанд хотын баруун дүүрэг буюу шинэ суурьшлын бүсийн орчим газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын 549 айлын орон сууцны бүтээн байгуулалт 2019 онд эхэлж байлаа. Үйлдвэрийн дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг угсрах гадаад мэргэжилтнүүд амьдрах орон сууцны нэг блок болох 40 айлын орон сууц ашиглалт оржээ. Энэ намар дараагийн 95 айлын орон сууцыг ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Орон сууцны нэгдүгээр ээлжээр 262 айлын орон сууц баригдах бол хоёрдугаар ээлжинд 287 айлын орон сууц ашиглалтад орох юм.
Хөгжлийн банкны зээлээр барьж буй зарим барилгын санхүүжилт удаашралтай байгаа тул ажил түр зогсоод байгаа гэж албаныхан хэлэв. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн нефть боловсруулах тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Ингэснээр манай улс эдийн засгийн хувьд бие дааж импортын хамаарлыг багасган дотооддоо олон зуун ажлын байр бий болгох боломж бүрдэх юм.
Алт эрдэнэсийн нэртэй Алтанширээ сум
Төгсгөлд нь газрын тосны үйлдвэр баригдаж буй Алтанширээ сумын тухай товчхон өгүүлье. Дорноговь аймгийг эмхлэн байгуулах тухай асуудал хэлэлцсэн Ардын засгийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 1931 оны тавдугаар сарын 20-23-нд одоогийн Алтанширээ сумын нутаг Сайн-Усны баруун дэнж дээр хуралджээ. Аймаг байгуулагдсан анхны газар энэ зууны томоохон бүтээн байгуулалт өрнөж буй нь ховор тохиолдол юм.
Алт эрдэнэсийн нэрээр нэрлэгдсэн энэ суманд “Болд төмөр ерөө гол” компанийн “Алтанширээт” үйлдвэр технологийн парк байгуулах төсөл хурдацтай явж байна. Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах, нүүрс угаах, кокс, төмрийн хүдрийн хорголжийн гэх зэрэг дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Мөн сумын урд дэнж дээр 55 МВт-ын хүчин чадалтай Сайншанд салхин парк ажиллаж байна. Нутгийн хойд хэсэгт Сайн-Усны говьд газрын гүнээс ус оргилж хүн малыг ундаалж буй бол Бор хөөврийн говь хэмээх усны арвин нөөц мөн л энэ суманд бий. 1350 хүн амтай, 198 мянган толгой малтай тус суманд газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор суманд зөвхөн усны төлөрөөр дамжин гурван тэрбум төгрөг орох тооцоолол гарсан тухай эх сурвалж хэлсэн юм.
Үүнээс гадна үйлдвэрийг дагасан бусад бизнес хөгжиж, хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйгаас гарах бүтээгдэхүүнийг борлуулах шинэ гарц нэмэгдэж улмаар бараа материалын ханган нийлүүлэлт идэвхжсэнээр сумын хүн ам өсөж, нийгмийн амьдрал хийгээд хүмүүсийн амьжиргаа орон нутгийн хөгжилд хөшүүрэг болно гэдэгтт итгэж байна.