Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ж.Ганбат:  Хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж байх нь зүйтэй

А.Халиун


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр /2023.04.28/ боллоо. Өнөөдрийн хурлаар иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн нэг асуудал нь 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах эсэхийг хэрхэн шийдэх тухай байв. Тус компанид 2022 оны аравдугаар сард Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон бөгөөд 2022 оны 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласнаа тайлагнав.
“Ирэх зургаан сард үргэлжлэх онцгой дэглэмийн хугацаанд нүүрсээ биржээр арилжаалах ажлыг тогтворжуулах, компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх шаардлагатай. Эхлээд компанийн хэвийн үйл ажиллагааг хангасны дараа ногдол ашиг хуваарилах нь зүйтэй гэж ТУЗ-ийн хурлаар үзсэн. Ногдол ашиг тараах асуудлыг 2023 оны аравдугаар сарын 26-ны ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой” гэж Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат тайлбарлалаа.

Тус компанийн хувьцааны 14.8 хувийг Монголын ард түмэн 1072 хувьцаагаараа дамжуулан эзэмшдэг бөгөөд хамгийн сүүлд 2019 онд нэг иргэнд 96 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан.
Хувьцаат компанийнхаа зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд үр дүнгийн тайлангаа тавьж, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж байх нь зүйтэй гэсэн хувийн байр суурьтай буйгаа Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мөн онцлов.
-Нас барсан иргэдийн ногдол ашгийг нөхөж олгох эсэхийг БЭТ-өөс тодруулахад, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын 2.5 сая иргэнд ЭТТ компанийн нийт хувьцааны 14.8 хувийг эзэмшүүлсэн. Нас барсан иргэдийн хувьцаа хасагдах нь зөв байх. Гэхдээ Засгийн газарт ажлын хэсэг гарч компанийн үр өгөөжийг нийт иргэдэд яаж тэгш хүртээх нь зөв зүйтэй талаар судалж байгаа.
Мөн 2016 оны хавар иргэдийн сайн дурын үндсэн дээр иргэдийн 1072 хувьцааг мөнгөжүүлж өгсөн. Эмчилгээний зардал, оюутнууд сургалтын төлбөр, ахмад настнууд мөнгөө авсан байдаг. Нэгэнт мөнгөө авсан иргэдэд дахин хувьцаа эзэмшүүлэх боломжгүй юм гэж хариуллаа.