Ч.Сансар
Бразилийн Ерөнхийлөгч Луиз Инасио 'Лула' Да Силва зарлиг гаргаж, шинээр уугуул иргэдийн зургаан нөөц газар байгууллаа. Эдгээрийн ихэнх нь Амазонд байрладаг. Эдгээр нөөц газарт олборлолт хийхийг хориглож, газар тариалан эрхлэх, мод бэлтгэхийг хязгаарласан байна.
Шинээр байгуулагдсан нөөц газар нь нийт 620 мянган га талбайг эзэлдэг.
Ерөнхийлөгч Да Силва уугуул иргэдийн удирдагчидтай хийсэн уулзалтын үеэр "Бид уугуул иргэдийн амьдрах эрхтэй хамгийн олон тооны газар нутгийг хуульчилж, хамгаалалтад авах гэж байна. Бид тэдний эрхийг хамгаалахаас гадна, энэ бүс нутагт ой модыг устгах явдлыг 2030 он гэхэд зогсоох шийдвэр гаргалаа" гэж хэлэв.
Ерөнхийлөгч энэ шийдвэрээ Уугуул иргэдийн яамны сайд Сониа Гуажарагийн хамт зарлав. Нэг жилийн өмнө Ерөнхийлөгч Да Силва уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлого боловсруулна гэж амлаж байв.
Жаир Болсонарогийн засаглалын үед Бразилд уугуул иргэдийн асуудлаас болж хүмүүнлэгийн хямрал гарч, 33 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарсан гэж төрийн тэргүүн тэмдэглэв.
Ерөнхийлөгч Да Силва уугуул иргэдийн уламжлалт газар нутгаа эзэмших эрхийн талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ гэж амлав. “Бразилийн нутаг дэвсгэрийн 14%-иас багагүй талбайд нөөц газар байгуулах нь хэтэрхий их байна гэж маргаж буй хүмүүс эрт үеэс уугуул иргэд Бразилийн газар нутгийн 100%-ийг эзэмшдэг байсан гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв. Уугуул иргэд газар зүйн болон биологийн төрөл зүйлийг хамгаалахад шаардлагатай мэдлэгтэй гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Эх сурвалж: Mining.com