Ч.Сансар
Индонези улс ирэх сараас эхлэн зэсийн экспортод хориг тавьсан хэдий ч Freeport Indonesia болон Amman Mineral Nusa Tenggara компаниудад зэсийн баяжмалыг ирэх он хүртэл экспортлохыг зөвшөөрлөө. Ингэснээр тэдний барьж буй зэс хайлуулах үйлдвэрүүд бүрэн ашиглалтад орох боломжтой болно гэж Уул уурхайн сайд баасан гарагт мэдэгдэв.
Засгийн газар металл боловсруулах үйлдвэртээ хөрөнгө оруулалт татах, экспортын үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд зэс, боксит зэрэг ашигт малтмалын экспортыг 6 дугаар сараас эхлэн хориглох шийдвэр гаргасан.
Цар тахлын улмаас зэс хайлуулах үйлдвэрийн барилгын ажил саатсан учир Засгийн газар зарим компаниудыг хоригоос түр чөлөөлсөн гэж сайд Арифин Тасриф сэтгүүлчдэд мэдэгдэв.
"Бид хайлуулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг аль болох хурдан дуусгахын төлөө шахалт үзүүлж байгаа" гэж тэрбээр хэлээд ирэх оны 5 дугаар сард эдгээр үйлдвэрүүд ашиглалтад орно гэж мэдэгдэв.
Тиймээс Freeport, Amman компаниудад 2024 оны тавдугаар сар хүртэл экспортлох зөвшөөрөл олгоно гэж тэрбээр хэллээ. Тус яамнаас зэсийн экспортыг хөнгөвчлөхөд тавигдах шаардлагуудыг нарийвчлан тодорхойлсон журам гаргана. Хайлуулах хоёр үйлдвэр одоогоор 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна.
Төрийн компаниар дамжуулан АНУ-ын уул уурхайн аварга Freeport-McMoRan компанийн Индонези дахь салбарын 51%-ийг Индонези эзэмшдэг бөгөөд Засгийн газар үүнийг 10% орчим нэмэгдүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлэв.
Freeport Зүүн Жава мужид 1.7 сая тонн зэсийн баяжмал боловсруулах гурван тэрбум долларын өртөгтэй зэс хайлуулах үйлдвэр барьж байгаа бол Amman компанийн барьж буй хайлуулах үйлдвэр 900 мянган тоннын хүчин чадалтай байх юм.
Хөнгөн цагааны үйлдвэрлэлд ашигладаг хамгийн түгээмэл түүхий эд болох бокситын экспортын хоригийн тухай асуухад бокситын экспортыг зөөлрүүлэхгүй байх гэж Арифин мэдэгдсэн.
Индонези 2020 онд никель экспортлохыг хориглосны дараа никель боловсруулах салбарт асар их хөрөнгө оруулалт татаж чадсан бөгөөд хөрөнгө оруулалтын дийлэнх нь Хятадынх байжээ.
Эх сурвалж: mining.com