Д.Оюунчимэг
Монголчууд зэсийн баяжмалаа экспортлох тухай ярьдаг байсан бол өдгөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах тухай ярих болжээ. “Эрдмин” компанийн үйлдвэрлэж буй уртасгагч 99.999 хувийн сорьцтой. Энэ нь Лондонгийн металлын биржийн “А” зэрэглэлийн шаардлага хангадаг “таван естэй” гэдгээр хамгийн чанартай нь болохыг үйлдвэрийнхэн онцолсон.
Үйл ажиллагаагаа эхлээд 20 орчим жил болж буй тус үйлдвэр 100 гаруй ажилтантай. “Эрдэнэт” үйлдвэрийн бага агуулгатай хаягдал овоолгыг ийнхүү ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй тус компани 1997 оноос эхлэн катодын цэвэр зэс үйлдвэрлэж эхэлсэн байна. Харин 2005 оноос эхлэн зэс утас үйлдвэрлэсэн бөгөөд одоогийн байдлаар 30 гаруй нэр төрлийн цахилгааны зэс утас үйлдвэрлэж буй. Үндэсний үйлдвэрлэгчийнхээ хувьд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа тухай үйлдвэрийн удирдлагууд ярьж байсан юм.
Тэд баяжмалаас салгаж авсан зэсээ хавтан болгож хатаагаад, улмаар цельсийн 1100 хэмд хайлуулж шингэн болгож ямар нэг бодис холилгүйгээр 0.26-3.5 мм-ийн голчоор дамжуулан цувуулж нарийсгадаг юм билээ. Илүү нарийхан болгохын тулд 6-7 дамжлага дамждаг тухай “Эрдмин” үйлдвэрийн технологи инженер Н.Өлзийбадрах хэлж байлаа.
Энэ нарийхан зэс утсаар та бидний хэрэглэгдэг гар утасны цахилгаан дамжуулах гүйдлийг хийдэг. Энэ жил өндөр түвшний гурвалсан үйлчилгээтэй шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар зэхэж буй. Тун удахгүй “арай л үнэтэй юмаа” хэмээн халагласан ч зайлшгүй худалдаж авдаг залгуураа зах зээлийн үнээс хямдаар, үндэсний үйлдвэрлэгчийн гэх тодотголтойгоор худалдан авах боломж бүрдэж байгааг дуулгая.
Уртасгагч нь 50 Гц-ийн давтамжтай 250В хүртэл хүчдэл бүхий цахилгаан хэлхээнд хэд хэдэн тоног төхөөрөмжийг зэрэг холбох үед хэрэглэнэ. Мөн зөвхөн албан комьпютерийн хэрэглээнд зориулсан бага хүчдэлтэй уртасгагч үйлдвэрлэдэг аж. Харин U төрлийн утсыг 1000В хүртэл тогтмол хүчдэл бүхий цахилгаан тоног төхөөрөмж, машин механизм, суурь машины монтаж болон гэрэлтүүлэг, хүчний хэлхээний холболтуудад хэрэглэнэ.
Мөн R төрлийнхийг 750-1000В –ийн хүчдэлд залгах боломжтой бөгөөд зэс утсаа бүрэх явцыг дунд шатны үйлдвэртээ хийдэг байна. Зэс утсаа 100 болон 200 метрээр тасалж улаан, хөх, ногоон өнгөөр бүрдэг аж. Эдгээр утсыг орон сууцны давхар хоорондын монтаж болон айлуудын дундах цахилгааны монтажийг хийхэд ашигладаг.
Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001-2008 стандарт нэвтрүүлжээ. Одоогоор эднийх цахилгааны утасны дотоодын хэрэглээний 30 орчим хувийг хангадаг байна. Өөрөөр хэлбэл, жилд гурван сая орчим метр утас үйлдвэрлэдэг. Энэ нь үйлдвэрийнхээ хүчин чадлын 10 орчим хувийг ашиглаж байгаа тухай Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Г.Алтансүх ярьсан юм. Тэрбээр “Цаашид эрэлтээс шалтгаалж үйлдвэрийн хүчин чадлыг 70 орчим хувьд хүргэх боломжтой” гэлээ.
Импортын бүтээгдэхүүнийг орлох хэмжээний чанартай уртасгагч үйлдвэрлэдэг ч хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан байна. Хэдийгээр сүүлийн үед баригдаж буй орон сууцны болон бусад барилгын дотоод монтажид үндэсний компаниуд алсаа харж тус үйлдвэрийн зэс утсыг өргөнөөр хэрэглэж буй ч төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгааг удирдлагууд нь Засгийн тэргүүнд уламжилж өгөхийг хүсч байлаа.
Дотоодын үйлдвэрлэлийг импортын бүтээгдэхүүнээс татварын бодлогоор хамгаалж дэмжинэ гэж ярьсаар ирсэн ч бодит дэмжлэг үндэсний үйлдвэрлэгчдэд хэрэгтэй байгааг энэ дашрамд дуулгая.
Эрдэнэт хэмээх “саалийн үнээ”-ний хаягдлыг ашиглан үнэ цэнтэй баялаг бүтээж байгаа залуусаа дэмжих нь эдийн засгийг солонгоруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Бас өгөөжтэй.