Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Нефть үйлдвэрлэгч 5 орон БРИКС-ийн холбоонд нэгдэх хүсэлт тавьлаа


Ч.Сансар
Саудын Араб, АНЭУ, Алжир, Египет, Бахрейн, Иран зэрэг улсууд БРИКС-ийн холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор тавьлаа. Энэ жил БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкт болно.
 
Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй зах зээлийн холбоонд нийт 19 улс нэгдэх сонирхолтой байгаагаа тус холбоон дахь Өмнөд Африкийн төлөөлөгч Анил Суклал мэдэгдлээ.

 “Энэ удаагийн уулзалтаар бид БРИКС-ийн хүрээг хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцэнэ. 13 улс гишүүн болох хүсэлтээ албан ёсоор тавьсан, зургаан улс албан бусаар гишүүн болох хүсэлтээ илэрхийлсэн. Бид өдөр бүр элсэх өргөдөл хүлээн авч байна" гэж Өмнөд Африкийн албан төлөөлөгч энэ долоо хоногийн эхээр Блүүмберг-т ярьжээ.

БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт  ирэх сарын эхний долоо хоногт Кейптаун хотод болно. Гишүүн таван улсын Гадаад хэргийн сайд нар оролцохоо мэдэгдлээ.

Эдийн засгийн өсөлтийн хүлээлтээрээ БРИКС “Их 7”-г давах төлөвтэй байгаа талаар Блүүмберг энэ сарын эхээр бичиж байсан.
Тэдний хийсэн дүн шинжилгээгээр “Их-7” болон БРИКС-ийн орнууд 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд ижил хувь нэмэр оруулсан бол барууны орнуудын холбооны эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн үед буурсан. 2028 он гэхэд G7 дэлхийн эдийн засгийн дөнгөж 27.8%-ийг, БРИКС 35%-ийг эзлэх төлөвтэй байна.

ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Александр Бабаков БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад “шинэ мөнгөн тэмдэгт” танилцуулна гэж мэдэгдсэнээс хэдхэн долоо хоногийн дараа ийм тооцоо гарчээ.

БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийн хүн амын 40 гаруй хувь, дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг.
Олон улс орнууд ам.доллараас татгалзаж байгаа энэ үед дэлхийн хөгжиж буй улс орнуудын БРИКС-ийн гишүүн болох сонирхол нь нэмэгдэж байна.

Долларжсан эдийн засгуудын хувьд ам.доллар илүү найдваргүй болж байна. Энэ  нь АНУ-ын Холбооны Нөөцийн сан хүүгээ өсгөж, банк санхүүгийн хориг арга хэмжээ авах замаар долларыг зэвсэг болгон ашиглаж байгаатай холбоотой.

Эх сурвалж:  oilprice.com